ӨВӨРХАНГАЙ: Театрын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-02-23 15:08:35

Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Хөгжимт драмын театрын стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахаар үе шаттай хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байна.


Дөчин жилийн түүхтэй тус байгууллага өдгөө захиргаа аж ахуй болон найрал дуу, хөгжим, драм гэсэн дөрвөн бүтцэд 50 гаруй уран бүтээлч, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.


Театрын уран бүтээлчид жилд 2-3 шинэ уран бүтээл туурвин урын сангаа баяжуулахаас гадна олон улсын болон улс, бүсийн уралдаан, тэмцээнд амжилт гарган оролцсоор ирсэн юм. Тухайлбал, 2025 онд “Шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч” улсын уралдаанд дуучин МУСТА Г.Түмэн-Өлзий тэргүүн байр, Шилдэг найрал дууны төрөлд тэргүүн байр, бүжгийн багш Д.Мөнх-Эрдэнэ тус наадмын Шилдэг гоцлол бүжгийн төрөлд дэд байр, Шилдэг хамтлаг бүжгийн төрөлд тэргүүн байрыг тус тус эзэлжээ.



Мөн БНСУ-д болсон “Tanzolymp Asia 9th International ompetition” Олон улсын бүжгийн бага олимпод хоёр уран бүтээлч амжилттай оролцон “Гоцлол бүжигчин” шагналыг хүртсэнээр 2026 онд ХБНГУ-д болох дэлхийн олимпод оролцох эрхээ авчээ.


Өвөрхангай аймаг, Франц улсын Аллиер мужийн хамтын ажиллагааны 25 жилийн ойн хүрээнд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан “Нүүдэлчин оршихуй” жүжгийг Аллиер мужийн Виши хотод долоон удаа тайзнаа тоглож, 750 гаруй үзэгчдэд хүргэсэн байна.


Энэ мэт уран бүтээл арвин, ололт амжилт дүүрэн байгаа ч үзэгчдийн хүртээмж бага, ашиг орлого муу байгааг театрынхан хэлж байгаа юм. Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахтай холбоотой дараагийн хэлэлцүүлэг ирэх сарын 3-нд болох юм. 

Related news