Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Гуртын гүүрийн баруун талд Сэлэнгэ мөрний нэгэн арал дээр нүүрээ урагш харуулан зоосон хүн чулуу байдаг.
БУЛГАН: Далхын тохойн хүн чулуу
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Гуртын гүүр орчмын Усны арал хэмээх газар байрлах хүн чулууг нутгийн иргэд Сэлэнгэ сум дахь Далха вандад хүн чулууны ижил хэмээн тахин шүтэж, тухайн газрыг Далхын тохой, Далхын булан хэмээн нэрлэх болсон.
Энэхүү хүн чулуу байрлаж буй газрыг нутгийнхан Далхын булан гэж нэрлэдэг. Гуртын гүүр орчмын хүн чулуу одоо далайн түвшнээс дээш 1114 метрийн өндөрт байрладаг.
Уг хүн чулууг хар саарал өнгийн боржингоор болхидуухан урлаж хийсэн бөгөөд баруун гараар цээжний өмнө цомбогор аяга буюу хундага мэт зүйлийг барьж зүүн гараа доош унжуулжээ. Бүсэлхийнээс дооших хэсэг нь газрын хөрсөн доор байх тул зүүн гар нь чухам ямар байдалтай, мөн доод хэсэгт өөр зүйл дүрсэлсэн эсэх нь одоогоор тодорхой мэдэгдэхгүй байна.
Эл хүн чулууны толгойн орой мөлгөр, бага зэрэг шовгордуу, малгайтай эсэх нь тодорхойгүй, хөмсгийг хонхойлгож гаргаад нүдийг давхар зураасаар хүрээлэн хамрыг нүдний завсраас шууд үргэлжлүүлж гаргасан ба живэр сахал болон уруул нь хонхор зураасаар дүрсэлжээ. Дээлийн энгэр заам гаргаагүй, суганы зураасыг хооронд нь залгажээ.
Оросын угсаатны зүйч Н.Л. Жуковская 1990 онд хэвлүүлсэн "Судьба кочевой культуры" хэмээх номдоо уг хүн чулууны гар зургийг нийтэлж, энэ нь анхнаас энд байсан дурсгал бус, өөр газраас ямар нэгэн байдлаар авчирсан тухай өгүүлжээ. Тэр судлаачийн олж сонссоноор эл хүн чулуу нь олон жилийн өмнө Сэлэнгэ мөрнөөр урсан ирж энд тогтож үлдсэн ба нутгийнхан түүнд Далх нэрийг хайрлаж, идээ будаа өргөн тахиж шүтэх болсон байна.
Сэлэнгэ мөрний энэхүү тохойг тус хүн чулууны нэрээр Далхын булан буюу Далхын тохой гэж нэрлэдэг ажээ.
