БУЛГАН: Хурдан морины уралдааны уламжлалт хэлбэрийг шинэчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-02-27 17:53:34

Булган, 2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол үндэстний өв соёл, уламжлалт мал аж ахуй, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх, малчдын хөдөлмөрийг үнэлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой "Морьтон монгол" тэмцээнийг хоёрдугаар сарын 25-ны өдөр Могод сумын Загаст нуурын дэнжид зохион байгуулжээ.

 

Тэмцээнийг хос морьтон, морьтой буухиа, жороо морины уралдаан гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан бөгөөд өвлийн хурдан морины уралдааны уламжлалт хэлбэрийг өөрчлөн насанд хүрэгчдийн дунд морин спортыг хөгжүүлэхэд чиглүүлснээрээ онцлогтой юм.


Хос морьтон:

Тэргүүн байр- Баясгалант багаас оролцогч Б.Ихбаяр, Г.Алтанзул

Дэд байр- Баянгол багаас оролцогч Л.Доржсамбуу, Б.Насанжаргал

Гутгаар байр- Баясгалант багаас оролцогч Б.Бямбасайхан, М.Бэрцэцэг


Жороо морь:

Тэргүүн байр- Баясгалант багийн малчин Б.Ихжаргалын ухаа

Дэд байр Баянгол багийн малчин Ц.Баярбатын халтар

Баясгалант багийн иргэн Э.Энхмөнхийн хүрэн


Морьтой буухиа: 

Баясгалант багийн Б.Амарзаяа ахлагчтай баг тэргүүн байр

Баянгол багийн Б.Бат-Эрдэнэ ахлагчтай баг дэд байр

Баянгол багийн Ц.Баярбат ахлагчтай баг гутгаар байрыг тус тус эзлэн өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.

 

Энэхүү тэмцээнийг сумын аварга малчид ивээн тэтгэн зохион байгуулж буй нь залуусын мал аж ахуйг хөгжүүлэх, адуу малыг эдэлгээ, уналгаанд түлхүү ашиглах хандлага нэмэгдэж байгааг илтгэж байна.


Морьтон монгол тэмцээнийг Жаргалант багийн сумын сайн малчид Г.Ууган, Б.Уртнасан, Б.Намхайцэрэн, Н.Цогтбаатар, Баясгалант багийн сумын сайн малчид Б.Гантөмөр, Ж.Лхагвасүрэн, Баянгол багийн сумын сайн малчид С.Ганхуяг, Х.Мөнхгэрэл, Д.Эрдэнэ-Очир, Д.Ганзориг, Баян-Уул багийн сумын сайн малчид Д.Баярсайхан,Ч.Гансэлэм нар ивээн тэтгэсэн байна. 


Залуу малчид өвлийн морин уралдааныг халснаар хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, өвлийн наадмыг шинэ хэлбэрээр зохион байгуулах хандлагыг төлөвшүүлж байна. Үүний зэрэгцээ адууны соёлыг өвлүүлэх, авхаалж самбаа, хурд хүч сорих, адуу малтай зөв харьцах арга ухаанд харилцан суралцах боломжийг бүрдүүлж байна.


Булган аймгийн Могод сум энэ жил 335.0 мянган толгой мал тоолуулж, аймагтаа хамгийн олон малтай сумаар шалгарсан байна. Түүнчлэн тус сумын малчин, аймгийн алдарт уяач С.Батхуяг аймагтаа анх удаа нэг мянга гаруй адуу тоолуулж, “Алтан унага”-ны эзэн болжээ.

 


Хос морьд









Жороо морьд






Морьтой буухиа





Related news