Дэлхийн адууны өдрийн бэлгэдлээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-03-24 10:54:56

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн дөрөвдүгээр хурал өчигдөр болж, бэлгэдлийн загварыг эцэслэн баталсан байна.


Хуралдаанаар “Дэлхийн адууны өдөр”-ийн дэлгэрэнгүй хөтөлбөр, уриа, бэлгэдлийн загварыг эцэслэн батлах, морин парад зохион байгуулах маршрут, төсөв, Олон улсын морин уралдаан зохион байгуулах зам, журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцжээ.


Энэ үеэр Дэлхийн адууны өдрийн лого бүтээх уралдаанд нийт 30 уран бүтээлчийн 63 лого ирүүлснээс ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналаар уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа. Тус баримал нь Монгол Улсын төрийн сүлднээс санаа авч, морийг далавчтай дүрсэлж тэнгэр өөд тэмүүлэх хүсэл, хийморийн дээд илэрхийллийг бэлгэджээ.


Хуралдааны төгсгөлд Шадар сайд Х.Ганхуяг, “Дэлхийн адууны өдөр”-ийн баталсан  уриа, бэлгэдлийн оюуны өмчийг шилжүүлэн авч, урилга, постер, дуу, дүрс бичлэг, кино, нэвтрүүлэгт ашиглах, гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах, Олон улсын морин уралдаанд зохион байгуулах журмыг батлуулах, оролцогчдыг цахим системээр бүртгэх, морин заслын эмчилгээний төвийн ажлын даалгаврыг боловсруулж, байршлыг сонгон газрын асуудлыг шийдвэрлэх зэрэг дэд ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгчээ.






Related news