П.Батнайрамдал: Их зохиолч Д.Нацагдорж "Сайн санаат" зэрэг хэд хэдэн нууц нэрээр сонинд бичдэг байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2026-04-27 08:54:44

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож буй. Зохиолч, яруу найрагчаас гадна угсаатан судлаач, түүхч, орчуулагч, сэтгүүлч, улс төрч зэрэг нийгмийн олон салбарт гүйцэтгэсэн үйл хэргийнх нь тухай манай агентлаг цувралаар толилуулж буй билээ. Энэ удаа сэтгүүлчээр ажиллаж байсан тухай нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга асан, сэтгүүлч П.Батнайрамдалтай ярилцлаа.


-Түүхийн цаг хугацаанд энэ хүнийг монголчууд сод яруу найрагч, их зохиолч гэдэг өнцгөөс нь илүүтэй таньж, таниулж иржээ. Тиймээс бидний энэ удаагийн ярилцлага “Дашдоржийн Нацагдорж бол цэргийн сониныг үндэслэж, эрхлэн гаргагчийн нэг” гэдгийг тодруулах зорилготой. Тиймээс их зохиолчийн нэр анх ямар сонин сэтгүүлийн нүүрэнд анхлан гарсан байдаг юм бол гэдгээс яриагаа эхлэх үү?

-Д.Нацагдоржийн нэр анхлан “Уриа” сонинд гарсан байдаг. “Соёлыг нэвтрүүлнэ” гэсэн бичлэгийн дор түүний нэр буй. Энэ нь Д.Нацагдоржийн нэр анхлан сонин, хэвлэлд бичигдсэн түүхэн тохиолдол юм. “Уриа” сонин нь МАН, Ардын засгийн албан ёсны анхны сонин бөгөөд 1921 оны долоодугаар сараас 1922 оны арванхоёрдугаар сар хүртэл 26 дугаар хэвлэгдсэн байдаг.


-Үүний дараагаар “Ардын цэрэг” сонины эрхлэгчээр очсон гэж намтарт нь бичсэн байна билээ?

-Цэргийн явдлын яамны Сурган боловсруулах хэлтсийн 1923 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тушаалд “Цэрэг дайчдыг бичиг үсэгт сургаж боловсруулах, ард нийтийг гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн үүднээс “Ардын цэрэг” сониныг 1000 хувь хэвлэж, үнэгүй тараасугай” хэмээн заасныг үндэслэн, 1924 оны хоёрдугаар сарын 5-нд тус сонины анхны дугаар хэвлэгдсэн байна.


Уг тушаалаар “Ардын цэрэг” сониныг эрхлэн гаргахыг Н.Жадамба, Д.Нацагдорж нарт даалгасан байдаг. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонинд “Үндэслэгч Н.Жадамба, Д.Нацагдорж” гэсэн тодотгол одоо ч бичигддэг. Санаачлагч гээгүй байна шүү дээ. Яагаад гэвэл тушаалаар томилогдсон гэвэл зохилтой. Бидэнд мэдэхгүй зүйл асар их учраас таамаглан ярих бус тухайн үеийн сонины эрхлэгчийн талаар судлаач хэрхэн бичиж үлдээснийг баримтаар тодруулах нь чухал.


Тухайн цагт улсын дотор гарч байсан бараг бүх сонин хоёр эрхлэгчтэй байв. Хоёр эрхлэгч нь тэгш эрхтэй, хариуцлагатай ажиллаж, сонингоо цаг хугацаанд нь гаргадаг байсан байгаа юм. Нэг эрхлэгч нь хөдөө гадаа буюу өөр ажил хийж байвч нөгөө нь сониныхоо ажил дээр суух бололцоогоор хангасан хэрэг.


“Ардын цэрэг” сонины нэг эрхлэгч нь Н.Жадамба, нөгөө эрхлэгч нь Д.Нацагдорж. Н.Жадамба Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, Монгол Ардын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны дарга тул ихэвчлэн Төв хороонд сууж сонингоо хийлцдэг. Д.Нацагдорж нь Бүх цэргийн зөвлөлийн гишүүн бөгөөд мөн зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг олон тооны давхар ажил үүрэгтэй байжээ.


“Ардын цэрэг” сонинд хэвлэсэн зүйлсийн хэл, найруулга тэр үеийн бичиг зохиолын ерөнхий журам, монгол хэлний зүй тогтлын дагуу нарийн чанд харгалзан бичигдсэн байдаг” гэж Д.Нацагдоржтой Герман улсад хамт суралцаж байсан, хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит анхны шагналтан /1966 он/ Б.Содном бичсэнээс үзвэл Д.Нацагдорж цэргийн сонинд хэрхэн ажилласныг тодорхой мэдэж болно. Өнгөрсөн зууны 20-иод оны үе залгамжилсан тайж удмын түшмэл бичээчийн хүү, гэрийн бичгийн өндөр боловсролтой, төрийн хариуцлагатай чухал албан тушаал хашиж байсан, шүлэг зохиол бичдэг Д.Нацагдоржид цэргийн сониныг эрхлэн гаргах түүхэн хариуцлага ингэж аандаа тохогдсон байна.


-Д.Нацагдорж цэргийн сонины эрхлэгчээр хэдий хугацаанд ажилласан бэ?

-1924 оны хоёрдугаар сарын 5-наас 1925 оны 7 дугаар сард ажиллаад, Д.Нацагдорж ЗСНБХУ-д суралцахаар Ленинградыг зорьсон. Энэ нь хэдийгээр богино хугацаа боловч цэргийн сонины суурийг баттайяа тавьж, өдгөө 102 жилийн турш тасралтгүй 10,100 дугаар хэвлэгдээд байна.


-“Ардын цэрэг” сонинд Д.Нацагдорж ямар жанраар мэдээ мэдээлэл бичсэн байдаг вэ?

-Тэр цагийн бичиг, утга зохиолын соёлд өрнийн ч гэх юм уу нэгэн үзэгдэл ихэд дэлгэрч байв. Сонинд бичсэн хүмүүсээс нэрээ тавих нь өдрийн од шиг ховор, бичсэнийхээ дор нэрээ тавихгүй, хэрэв тавих хэрэгцээ байвал голдуу нууц нэр тавьдаг байсан байна. Хааяа нэг алдаг оног бичдэг хүн нууц нэргүй, харин тогтмол бичигчид нь нууц нэртэй байжээ. Нэг хүн хэд хэдэн нууц нэрээр ч бичдэг байв.


-Тэгвэл Д.Нацагдоржийн сэтгүүл зүйн чиглэлээр бичсэнийг ялгаж нэрлэхэд хэцүү талдаа юм байна, тийм үү?

-Д.Нацагдоржийн бичлэгийн хэл найруулгыг нарийн нягт судалсан хүн эсвэл нууц нэрийн түлхүүрийн архивын хуучин данс хараанаас мэдэх арга байна.


1924 оны дөрөвдүгээр сарын 7 дугаар сонинд “Уран арга нь уулгалан баатарлахаас илүү” гэсэн гарчигтай, содон өгүүлэл бий. Энэ өгүүллийн дор “Сайн санаат” гэсэн нууц нэр бий. Энэ нь Д.Нацагдоржийн нууц нэр.


Өөр ч нууц нэр хэрэглэсэн тохиолдол ч бий. “Монголын эмэгтэйчүүд” нийтлэлийн дор “Пагмадулам” гэж хаалтад бичсэн нь бий. Гэргийнхээ нэрийг ил бичсэн нь тогтмол бичигч буюу сонины ажилтан биш учраас тэр биз.


-Д.Нацагдоржийн зохиол бүтээл, намтар түүхийг та чамгүй судалж, түүний амьдралын эцсийн өдрийг харуулсан “Сүүлчийн амраг” тууж бичсэн зохиолчийн хувьд, цэргийн сонинд 40 шахам жил ажилласан цэргийн сэтгүүлчийн хувьд их зохиолчийн бичсэнийг сонины хуучирч шарласан хуудаснаас ялгаж нэрлэсэн л байлгүй?

-Хичээж хэдийг тодотгосон шүү. 1924 оны тавдугаар сарын зургааны өдрийн 10 дугаарт “Майн баярын тухай” тэргүүн өгүүллийн дор “эрхлэгч” гэсэн нь Д.Нацагдоржийн бичлэг юм. “Нэгэнт энэхүү майн нэгний өдрийг ард түмний дайсан болох харгис баяд хөрөнгөтөнтэй эсэргүүцэн тэмцсээр ирээд, улмаар тэмцэхийг гол болгож сүр хүчээ бадруулан цэнгэлдэнэ” гэсэн төгсгөлийн өгүүлбэр их зохиолчийн нэгэн шүлэгтэй хэллэгийн айзам тохирч буйг анзаарч болох юм. Мөн дугаарт “Нүүрээ угаана уу” гэсэн хошин аястай бичлэгийн дор “Сайн санаат” гэсэн буй.


Хэвлэлийн ахмад ажилтан, агсан А.Дашнямын “Өлзийнарангийн өчил” дурсамжийн номонд “Ардын соёлын зам” сэтгүүлийг өрөлтөд шилжүүлэх гэтэл тэргүүн өгүүлэл үгүй тул би яаран гүйж Судар бичгийн хүрээлэнд очиж, Д.Нацагдоржид учрыг хэлж, тэр дор нь гурван хуудас тэргүүн өгүүлэл бичүүлээд эргээд хэвлэх үйлдвэр лүү гүйв гэсэн байдаг. Энэчлэн тухайн цагт хэвлэгдэж байсан сонин сэтгүүлд Д.Нацагдорж цөөнгүй удаа бичиж байжээ.


Үүн дээр нэмж хэлэхэд, Д.Нацагдоржийн орчуулгын бүтээлүүдийг нягтлан цуглуулж, эмхэтгэх ажил судлаачаа хүлээж байна. 1926 онд герман хэлээр хэвлэгдсэн Марко Пологийн аяллын тэмдэглэлийг 1930 онд орчуулсан нь Улсын төв номын санд хадгалагдаж байгаа, мөн алдарт "Капитал"-ыг орчуулж байсан мэдээ бий. Оросын сонгодог яруу найргаас ч орчуулсан шүү дээ.


Зураг: Зураач Д.Мягмар "Д.Нацагдорж"


-Их зохиолчийн бичсэн сэтгүүл зүйн дорвитой бүтээлүүдээс нэрлээч гэвэл Та алийг нь цохож хэлэх вэ?

-“Берлин явсан замын тэмдэглэл” шүлэглэсэн бүтээлийг нэрлэх байна. 328 мөр энэхүү урт шүлэглэсэн тэмдэглэл Улаанбаатараас Берлин хүртэлх замын байгаль, хот тосгод, газар газрын хүн зоны ёс заншил, аж амьдралыг зохиолчийн бас сэтгүүлчийн нүдээр харж гайхалтай дүрсэлсэн байдаг.


-Д.Нацагдоржийн сэтгүүл зүйн бүтээлээр хийсэн судалгаа шинжилгээний ажил байдаг уу. Ном товхимол болгож гаргасан нь хэр бол?

-Бидний ярилцлагын үр дүн энэ асуултад тулж ирэх нь зүй юм. Д.Нацагдоржийг яруу найрагч, зохиолч талаас тодруулдаг, судалдаг гэдэг нь үнэн.


Бичгийн их хүний хувьд Д.Нацагдорж хорь, гучаад оны сонин хэвлэлтэй холбоотой байж, бичсэнийгээ хэвлүүлдэг нь үлдээсэн өвөөс нь тодорхой.


Д.Нацагдоржийн сэтгүүл зүйн бүтээлийн талаарх дагнасан судалгаа алга. Тэгэхээр энэ талбар судалгаа шинжилгээ хийх эзнээ хүлээж байна даа.

Related news