БУЛГАН: Хойд хүрмийн буган чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-03-31 14:50:11

Булган, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын түүх, соёлын өвийг илтгэх томоохон дурсгалуудын нэг нь гантиг, газрын чулуун дээр сийлэн урласан буган хөшөөд юм. Тэдгээрийн нэг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хойд хүрмийн буган чулуун хөшөө бөгөөд Х.Т.Ө VII-III зуунд холбогддог, үл хөдлөх соёлын дурсгал юм.


Хойд хүрмийн буган чулуун хөшөө нь босоогоороо жижиг, дунд, том гэх мэт гурван хөшөөнөөс бүрддэг. Хамгийн өндөр нь 1.2 метр, өргөн нь 0.64-0.75 м, зузаан нь 0.17 м байна. Зүүн дээд талд нь цулгуй дугуй нар, түүний хажууд жижиг дугуй сар сийлсэн нь онцлог. Эдгээр дүрс нь нар, сарны чиглэлд өлийлгөн нисэж буй мэтээр том, жижиг таван бугатай хамт дүрслэгдсэн. Гурав дахь бугын нимгэн цавины чиглэлийг чинжаал хутгаар цоолборлосон байна. Дээрээсээ хоёр дахь том буга хоншоороо нар, сарны хооронд шургуулж, нэг бугын эврийн таван салаа болон нөгөө бугын дөрвөн салааг дан зураасаар дүрсэлсэн нь хөшөөний дүрслэлийн онцлогийг улам тодруулжээ. 


Мөн энэ бугад чих хийсэн атал бусад бугад хийгээгүй, бас түүний сэрвээ, урт хөлийг мохоо өнцгөөр төлөөлж, хойд хөлийг нь огтлон авсан адил огцом тасалж, гуяыг бүтэн гаргасан байна. Хамгийн өмнө талын бугын сүүл болон гуяыг бодитойгоор гаргасан атал урд хөлийг огт харуулсангүйгээс гадна хүзүү, гэдсийг дан зураасаар татжээ. Ийнхүү бугын дүрсийг тогтсон загвараас өвөрмөц чөлөөтэй байдлаар урлажээ.


Хөшөөний бүсийг дүрслэхдээ баруун гар талаас нь хөндлөн хоёр эгнээ зураас татсан бөгөөд дараа нь гурван гурван цэг, нийт зургаан цэгийг тэмдэглэн, цааш нь дан зураасаар үргэлжлүүлэн гурвалжин хээ гаргасан байна.





Related news