БУЛГАН: Загас үржлийн үед загас агнах, барихыг хориглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-03 17:04:40

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/.  Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнах, барихыг хориглодог.


Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг. Загасны үржлийн үед агнаж баривал тухайн төрөл зүйл устах аюултай юм. Хориотой үед загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлнө.


Булган аймгийн нутгаар Орхон, Сэлэнгэ, Туул, Эг, Тарвагатай, Эрэн, Тавт, Азарга, Зэлтэр гол, тэдгээрийн цутгал голууд урсах ба эдгээр гол, мөрөнд нийт 17-19 зүйл загас тархан байршиж байна.


Үүнээс агнуурын ач холбогдолтой шивэр хилэм, тул, шөвгөр хоншоорт зэвэг, байгалийн омуль, шивэр хадран, ердийн цурхай, шивэр сугас, бух сугас, улаан нүдэн, гутаарь, голын алгана гэсэн 11 зүйл загас тархжээ.


Шивэр хилэм, тул шөвгөр хоншоорт зэвэг, шивэр хадран зэрэг загас ховордож байгаа ажээ.


Тул загас нь Эг, Сэлэнгэ, Орхон, Туул, Азарга, Эрэн, Тавт, Тарвагатай, Алтаад болон бусад цутгал голуудаар тархсан бөгөөд үржлийн үедээ цутгал голоо өгсдөг.


Тул загас нь Орхон, Туул голуудын бохирдлоос үүдэн эдгээр голуудад ховордсон, Монгол Улсын “Улаан ном”-д орсон ховор зүйл. Зөвхөн тусгай зориулалтаар бариад, буцаан усанд нь тавьдаг.


Нягтшил, нөөцийн хувьд Эгийн голын Нүхэт, Булан, Эг-Тарвагатайн бэлчрийн хясаанууд дээрээс 3 цэгт ажиглалт хийхэд 60-70 орчим тул загас бүртгэсэн байна. Ажиглалт хийсэн 3 цэгийн хоорондох урт 35.15 км-т тооцож үзвэл 1 км-т 1.99 бодгаль ноогдох нягтшилтайгаар, нийт Эгийн голын 294 км уртад тооцвол 585 толгой нөөцтэй байх боломжтой байна.


Бусад томоохон голуудын нягтшил, нөөцийг энэ үзүүлэлтээр тооцвол Сэлэнгэ мөрний 560 км уртад 1114 толгой, Тарвагатайн голын 62 км уртад 123 толгой, Эрэн голын 99 км уртад 197 толгой, Азаргын голын 73 км уртад 145 толгой, Зэлтэрийн голын 70 км уртад 139 толгой, Орхон голын 366 км уртад 728 толгой нийтдээ аймгийн хэмжээгээр 3031 орчим толгой нөөцтэй байх магадлалтай ажээ.



Тул загас хулд төрлөөс хамгийн том нь 


Агнуурын загас хамгийн олноороо үрждэг  Уул-алтаад гол


 

 

Related news