БУЛГАН: Цэвэрлэх байгууламжийн далан задарч шуурхай арга хэмжээ авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Булган аймгийн цэвэрлэх байгууламжийн саарал ус хуримтлуулах талбайн далан задарсантай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч байна.
Тус нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Шуурхай штабын даргаар ахлуулсан Онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, “Булган Мээж” ОНӨХХК, Булган АЗЗА, Булган сумын Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний анги зэрэг байгууллагын 100 гаруй албан хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь ажиллаж байна.
Далангийн эвдрэлийг засварлан, саарал ус урссан хэсгийн нөлөөлөлд өртсөн айл өрхийн хашаа, хөрс, ариун цэврийн байгууламжид ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.
Цаашид даланг хүчитгэх, олон жилийн турш хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэх зураг, төсөв боловсруулах, мөн саарал усны нөлөөлөлд өртсөн айл өрхүүдэд шинээр гэр олгох ажлыг зохион байгуулах чиглэлийг аймгийн удирдлагуудаас холбогдох байгууллагуудад өглөө.





