БУЛГАН: “Монголоор аялах хүсэл” наадмын бэлтгэл ажлаар цахим хурал боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Асситеж Монгол” байгууллагаас зохион байгуулж буй “Монголоор аялах хүсэл” олон улсын нүүдлийн театрын наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор цахим хурал хийжээ.
Хуралд зохион байгуулагч тал болон аймгийн удирдлагууд оролцож, сумдын удирдлагуудад бэлтгэл ажлыг хангах үүрэг, чиглэл өгсөн байна.
Тус наадмыг 4 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд зохион байгуулж, аймгийн бүх суманд нүүдлийн тоглолт хүргэхээр төлөвлөжээ.
Наадам нь хүүхэд, залууст нүүдлийн театрын урлагийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, уран бүтээлийг таниулах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.
Энэхүү үйл ажиллагаа нь монголын нүүдлийн соёл, байгаль орчинтой хосолсон театрын урлагийг олон улсад сурталчлах, хүүхэд, залууст ойртуулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
