ГОВЬ-АЛТАЙ: Согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг шинэчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-10 10:45:00

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг шинэчлэн тогтоолоо. 


Сүүлийн үед согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж, иргэдийн амгалан тайван байдал алдагдаж иргэдээс ирсэн санал, хүсэлтийг үндэслэн Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргаас холбогдох саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. 


Үүнийг хэлэлцэн аймгийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/164 дүгээр захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарыг шинэчлэн тогтоолоо.


Тодруулбал, согтууруулах ундаа худалдах цагийг 06:00-00:00, согтууруулах ундаагаар үйлчлэх газрын цагийг 11:00-22:00, 14:00-01:00 болгон шмнэчлэн тогтоожээ. 


Энэхүү шийдвэр нь архидан согтуурлыг багасгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, олон нийтийн амгалан тайван орчныг бүрдүүлэх зорилготой гэдгийг онцлон танилцууллаа.


Иймд иргэн, аж ахуйн нэгж бүр хариуцлагатай байж, хууль журмыг чанд мөрдөж хамтдаа аюулгүй, амгалан орчныг бүрдүүлэхийг уриалав.

Related news