БАЯН-ӨЛГИЙ: Тооллогод идэвхтэй оролцож, мэдээллээ үнэн зөв тайлагнахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого” эхэлж байгаатай холбогдуулан тус тооллогын зорилго, ач холбогдлыг таниулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аймгийн Статистикийн хэлтсээс “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Аймгийн Засаг дарга Е.Зангар өдөрлөгийг нээж үг хэлэхдээ, Статистикийн салбар нь улс орны нийгэм, эдийн засгийн бодлого, шийдвэр гаргах үйл явцын үндэс суурь болдгийг онцлов. Тэрбээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2026 оны тооллогод идэвхтэй хамрагдаж, мэдээллээ үнэн зөв, хугацаанд нь тайлагнахыг уриалав.
Аймгийн статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан Статистикийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын зорилго, ач холбогдол, зохион байгуулалт, ажлын үр дүнгийн талаар, Татварын газрын бичил, жижиг татвар төлөгчидтэй харилцах хэлтсийн дарга М.Айбек аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлагнал, Хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга А.Гүлжан жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгосон зээлийн зарцуулалт, үр дүн сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавьж мэдээлэл хүргэлээ.
Өдөрлөгийн үеэр статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж, эдийн засгийн үзүүлэлт, үр дүнг тооцоход үнэтэй хувь нэмэр оруулсан 13 аж ахуйн нэгж, байгууллагын захирал, нягтлан бодогчдыг салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа. Шагналыг аймгийн Засаг дарга Е.Зангар, Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Энэ удаагийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т 200 гаруй төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцов.

