БАЯН-ӨЛГИЙ: Эрдэм шинжилгээний хуралд 7 илтгэл хэлэлцүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагч, эх баригчдын өдрийг угтан аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч нарын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ.
Тус хурал нь сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцоог өргөжүүлэх зорилготой юм. Хуралд 22 тасгийн төлөөлөл оролцож, 7 илтгэл хэлэлцүүлсэн байна.
Эрдэм шинжилгээний хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд тус эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал А.Еркегүл, чанарын менежер Х.Өмиргүл, эрсдэлийн менежер С.Көркембек нар ажиллаж, илтгэлүүдийг шалгаруулжээ.
Судалгааны ажлаар 1 дүгээр байрт “Хүүхдийн халууралтын үед эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг, хандлагыг судлах нь” сэдэвт илтгэлээр Хүүхдийн тасгийн сувилагч С.Тургынтай, М.Сулушаш нар, 2 дугаар байрт “Сувилахуйн түүх бичих ур чадварт нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь” сэдвээр Сувилахуйн арга зүйч Х.Еркежан, С.Фариза нар, 3 дугаар байрт “Түнхний мултралын асаргаа, сувилгаа” сэдвээр Төрөх тасгийн нярайн сувилагч Б.Алтынгүл, Д.Марал нар тус тус шалгарчээ.
Эмнэл зүйн ховор тохиолдлын төрлөөр “Гүн түлэгдлийн үед сувилахуйн тусламжийн ач холбогдлыг харуулсан тохиолдлын кейс” сэдвээр Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч З.Дарима, Мэс засал-Гэмтлийн тасгийн сувилагч Т.Ардагүл нар шалгарсан байна. Мөн “Хэвтрийн холголт, цооролтоос үүссэн шархны арчилгааны эмнэлзүйн ховор тохиолдол” сэдвээр Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны сувилагч С.Еркинжан шалгарчээ.
Энэхүү үйл ажиллагаа нь сувилагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлагыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Цаашид сувилагч, эх баригчдын чадавхыг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон талт сургалт, үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар тус эмнэлгийн удирдлага, хамт олон төлөвлөж байгаа талаар эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал А.Еркегүл ярилаа.

