БАЯН-ӨЛГИЙ: Боловсролын салбарын хөгжил, удирдлагын чадавх болон ёс зүйн асуудлыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-17 21:17:12

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж, боловсролын байгууллагуудын 120 гаруй удирдах ажилтан оролцон салбарын хөгжил, бодлого, тулгамдаж буй асуудал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.


Зөвлөгөөний хүрээнд аймгийн Засаг дарга Е.Зангар боловсролын чанарыг сайжруулах, удирдлагын чадавхыг бэхжүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид анхаарах шаардлагатай асуудлууд болон бодлогын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр мэдээлэл өгч, санал солилцлоо. Мөн боловсролын байгууллагууд, тэр дундаа цэцэрлэгийн орчинд удирдлагууд ажилтнуудад сэтгэл зүйн дарамт үзүүлэхтэй холбоотой гомдол нэмэгдэж байгааг онцлон, ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн хандлагаар ажиллахыг онцгойлон анхааруулсан байна.


Боловсролын газрын дарга Р.Серикбол 2026 оны батлагдсан төсөв, төрөөс баримталж буй бодлого болон түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

 

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Боловсролын бодлогын мэргэжилтэн Ж.Эльмира нар оролцож, аймагт хэрэгжүүлж буй боловсролын салбарын бодлого, төлөвлөлт, хууль тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.

 

Уг зөвлөгөөнд Төрийн аудитын газар, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Боловсролын газрын ахлах арга зүйчид тус бүр мэдээлэл өгч, холбогдох чиглэлээр санал, зөвлөмж хүргэжээ.






Related news