БАЯН-ӨЛГИЙ: Ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын чиг баримжаа олгох өдөрлөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн багш нар Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн суралцагчдад зориулан “Мэргэжлээ зөв сонгоё” өдөрлөг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд ахлах ангийн 300 гаруй сурагч хамрагдаж, мэргэжлийн боловсрол, сургалтын онцлог, давуу тал, суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авчээ. Тэд өөрсдийн сонирхол, авьяас чадварт тохирсон мэргэжлийг зөв сонгоход чиг баримжаа авсан байна.
Мөн Мэргэжлийн боловсролын сургуулиас олгодог мэргэжлүүдийг танилцуулж, багш, суралцагчдын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, бодит дадлага ажлуудтай танилцуулсан нь сурагчдын сонирхлыг ихээхэн татсан үр дүнтэй ажил болжээ.
Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил эрхлэлтийн боломжийн талаар мэдээлэл өгч, амжилттай төгсөгчдийн туршлагаас хуваалцсан нь сурагчдад урам зориг өгсөн онцлог үйл ажиллагаа боллоо.
