Энэ зун төв, баруун бүсэд бороо ихтэй бол зүүн бүсэд хэт халж, гандуу байх төлөв гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-22 09:26:30

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2026 оны тариалалтад баримтлах технологийн зөвлөмжийг Монгол орны бүс нутгуудын 5-7 дугаар сарын цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан боловсруулсан байна.


Монгол орны дулааны улирлын цаг агаарын төлөвийг бүсчилж гаргасан нь тариалан эрхлэгчдэд хаврын тариалалтаа төлөвлөхөд чухал ач холбогдолтой аж. Тариалангийн төв бүсэд ирэх гурван сард олон жилийн дунджаас дулаан, 50-70 мм ба түүнээс дээш тунадастай байх төлөв гарчээ. Энэ нь агаарын хэт халалтын нөлөөг зөөлрүүлэх сайн талтай гэж үзэв.

Харин зүүн бүсэд хур тунадас бага, зургаа болон долоодугаар сард агаарын температур халахаар байна. Энэ жил зүүн бүсэд бүхэлдээ олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгаа нь тариалалтаа одооноос төлөвлөх хэрэгтэйг салбар яамнаас анхаарууллаа. Тэгвэл баруун бүсийн тариалан эрхэлдэг нутгуудад зургаадугаар сард олон жилийн дунджаас их хуртай байх төлөв гарсныг онцоллоо.


Өнгөрсөн онд Сэлэнгэ, Төв аймагт 5-7 дугаар сард бороо ороогүй боловч 12 ц/га ургац авсан нь боловсруулсан технологи шинжлэх ухааны үндэстэй, түүнийг хэрэгжүүлэх ажил чанартай хийсний үр дүн аж. Өөрөөр хэлбэл, сайн технологи цаг уурын эрсдэл, хэт халалт, гангийн хор хохирлыг эрс бууруулдгийг харуулсан гэсэн үг. 

Related news