Өнө мөнхийн Монголыг хамтдаа бүтээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Олон улсын түвшинд байгаль хамгаалал ба хөгжлийн тэнцвэрийг хангахад гурвал гол хүчин зүйл нөлөөлдөг хэмээн үздэг байна. Үүнд:
- Газар нутгийг аль болох тусгай хамгаалалтад авч хамгаалах,
- Зүй зохистой ашиглах,
- Зүй зохистой ашиглаагүйгээс болж сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх үйл ажиллагаа багтдаг аж.
Монгол Улсын хувьд өнөөдөр нийт газар нутгийн 20.8 хувь буюу 32.8 сая га-г хамарсан 120 газар улсын тусгай хамгаалалтад байна. 2025 оны байдлаар улсын тусгай хамгаалалтад байгаа 32.8 сая га г газар нутгийг ангиллаар нь авч үзвэл:
- 8.82 нь хувь нь дархан цаазат,
- 8.69 хувь нь байгалийн цогцолборт,
- 3.4 хувь нь байгалийн нөөц,
- 0.4 хувь нь байгалийн дурсгалт газар байгаа юм.
Гэхдээ манай улсад байгаль хамгаалахад хамгийн гол тулгамдсан асуудал нь байнгын, тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бүрдэж чадаагүй явдал. Шаардлагатай санхүүжилтийг улсын төсөв, олон улсын байгууллагаас санхүүжүүлдэг ч энэ нь тогтвортой бус. Нэгэнт тогтвортой санхүүжилт байхгүй болохоор байгаль хамгаалах ажил үр багатай. Аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаандаа үр дүн гардаг ч санхүүжилт зогсохоор үр дүнгүй болчихдог байна.

Төв аймаг, Алтанбулаг сум, Хустайн нурууны өмнөд тал
Тиймээс тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, менежмент, санхүүжилтийн тогтолцоог тогтворжуулах, өдгөө Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувийг эзэлж буй тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2030 он гэхэд 30 хувь, улмаар 2050 онд 35 хувьд хүргэх зорилттойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, The Nature Conservancy байгууллага /Монгол Улс дахь салбар/, Монголын Байгалийн Өв Сан хамтран “Өнө Мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
2025-2040 онд хэрэгжих уг хөтөлбөр, стратегийн санаачилга нь Монгол Улсад байгаль хамгааллын байнгын санхүүжилтийг бий болгох тогтолцоог шинээр бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм. Байгаль орчны байнгын, тогтвортой санхүүжилтийн механизм бий болсноор хөгжлийн тэнцвэр хангагдаж, тусгай хамгаалалттай газар нутаг хамгаалагдахаас гадна зүй зохистой ашиглах орчин бүрддэг. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент сайжрахын зэрэгцээ байгалийн нөөцийн хамтын менежмент сайжирч, энэ нь тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг хөшүүрэг болдог юм.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод:
- I үе шат (2021-2030) Цэнгэг усны наац, гол, мөрний урсац бүрэлдэх эх зэрэг онцлог экосистемийг тусгай хамгаалалтад авч, унаган байгалийг хамгаална,
- II үе шат (2031-2040) Онцлог, үнэ цэн бүхий экосистемүүдийг тусгай хамгаалалтад авч, анхдагч байгалийн унаган төрх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгална,
- III үе шат (2041-2050) Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн эх дэлхийн экосистемийн үйлчилгээг тэтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна,
- “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь” хэсэг: 2030 он гэхэд 30 хувийг, 2050 он гэхэд 35 хувь хүргэнэ гэж тус тус заасан.
Урт хөгжлийн бодлогод тусгасан дээрх зорилтыг хэрэгжүүлэх гол механизм нь "Өнө мөнхийн Монгол" хөтөлбөр юм. "Өнө мөнхийн Монголыг хамтдаа бүтээнэ" хэмээсэн уриатай тус хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж байна.
“ӨНӨ МӨНХИЙН МОНГОЛ”
-Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр-
“Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр гэж юу вэ?
Монгол Улсад байгаль хамгаалах бодлого, эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн ч энэ салбарын хамгийн том сорилт нь тогтвортой, урт хугацааны санхүүжилт байсаар ирсэн. Төсөл, хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд үр дүн гардаг ч санхүүжилт дуусмагц олон сайн ажил зогсох, үр нөлөө буурах эрсдэл түгээмэл байдаг. Иймээс байгаль хамгааллыг зөвхөн нэг удаагийн төсөл биш, харин урт хугацаанд тасралтгүй дэмжих санхүүгийн тогтолцоо зайлшгүй хэрэгтэй байна.
Энэхүү хэрэгцээг шийдвэрлэх зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Байгалийн Өв Сан, The Nature Conservancy байгууллага хамтран “Өнө Мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг 2025-2040 онд хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн гол зорилго нь Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллыг бэхжүүлэхэд чиглэсэн байнгын санхүүжилтийн механизм бүрдүүлэхэд оршино.
Яагаад энэ хөтөлбөр Монгол Улсад чухал вэ?
“Өнө Мөнхийн Монгол” бол энгийн нэг төслийн санхүүжилт биш. Энэ нь байгаль хамгааллыг урт хугацаанд дэмжих системийн шийдэл юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн өнөөдрийн хэрэгцээг санхүүжүүлэх бус, ирээдүйд ч байгаль хамгааллын ажил тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэсэн үг.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс дараах үндсэн чиглэлд ахиц гаргах зорилт тавьж байна. Үүнд:
- Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2030 он гэхэд улсын нийт нутаг дэвсгэрийн 30 хувьд хүргэх;
- Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг сайжруулах;
- Нутгийн иргэд, малчдын оролцоотой байгалийн нөөцийн хамтын менежмент болон тогтвортой амьжиргааг дэмжих;
- Байгаль хамгааллын салбарт байнгын, тасралтгүй санхүүжилтийн эх үүсвэр бий болгох.
Ингэснээр байгаль хамгаалал нь зөвхөн экологийн асуудал биш, мөн орон нутгийн хөгжил, тогтвортой аялал жуулчлал, малчдын амьжиргаа, үндэсний хөгжлийн бодлоготой уялдсан цогц бодлого болох юм.
Санхүүжилтийн хувьд ямар онцлогтой вэ?
Энэ хөтөлбөрийн хамгийн чухал давуу тал нь олон эх үүсвэртэй, урт хугацааны санхүүжилтийн бүтэцтэй явдал юм. “Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ ойролцоогоор 198 сая ам.доллар бөгөөд үүний нэг хэсгийг олон улсын хандивлагчид, нөгөө хэсгийг тогтвортой санхүүжилтийн механизм шинээр бий болгох замаар бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн хуримтлалын сан байгуулж, үндсэн хөрөнгийг хадгалан, өгөөжөөс нь байгаль хамгааллыг санхүүжүүлэх загвар ашиглаж байгаа нь олон улсад үр дүнтэйд тооцогддог итгэлцлийн сангийн сайн жишиг юм.
Энэ нь нэг удаагийн төсөв тараах загвар бус, харин байгаль хамгааллын санхүүжилтийг үе шаттайгаар тогтворжуулах үндэсний механизм бүрдүүлж буй хэрэг юм.
Төрөөс ямар манлайлал, шийдвэр хэрэгтэй вэ?
Хөтөлбөрийн амжилт зөвхөн донорын санхүүжилтээс хамаарахгүй. Харин төрийн бодлого, эрх зүйн орчин, салбар хоорондын уялдаа, санхүүгийн шинэчлэлээс шууд шалтгаална. Тиймээс “Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр нь УИХ, Засгийн газар, холбогдох яамдтай нягт уялдаатай хэрэгжих бүтэцтэй. Тухайлбал:
- Байгалийн нөөцийн хамтын менежментийг төрийн байгууллагын бүтцэд бодитоор тусгах;
- Тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох;
- Нэвтрэх хураамж, байгаль хамгааллын зориулалттай шинэ орлогын эх үүсвэрүүдийг үе шаттай нэвтрүүлэх;
- Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг хууль, санхүүгийн загварт нийцүүлэн хамгаалал, нөхөн сэргээлтэд зарцуулах;
- Бусгай хамгаалалттай газар нутгийн тухай эрх зүйн орчныг шинэчилж, олон улсын жишигт нийцсэн ангилал, менежментийн уян хатан хэлбэрүүдийг нэвтрүүлэх.
“Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр нь Монгол Улсын байгаль хамгааллын салбарт хэрэгжиж буй ээлжит нэг төсөл биш. Энэ бол байгаль хамгааллыг урт хугацаанд, бодлогын түвшинд, тогтвортой санхүүжүүлэх үндэсний шинэ тогтолцоо бүрдүүлэх зорилготой стратегийн санаачилга юм.
Тус хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Монгол Улс байгалийн өвийг хамгаалах санхүүгийн чадавхаа бэхжүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг шинэ шатанд гаргаж, нутгийн иргэдийн оролцоотой хамгааллын үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бий болно.

Төв аймаг, Мөнгөнморьт сум, Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газар, Бурхан халдун хайрхны орчим
#ӨНӨ_МӨНХИЙН_МОНГОЛЫГ_ХАМТДАА_БҮТЭЭНЭ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Дэ Нейче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар - The Nature Conservancy in Mongolia (TNC)
Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation
"Өнө Мөнхийн Монгол" хөтөлбөр