Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Франц улсад болсон “Их долоо” /G7/-гийн байгаль орчны сайд нарын дээд хэмжээний уулзалтад Монгол Улс урилгаар оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд бодлогын түвшний санаачилгаа танилцууллаа.
“Их долоо” уулзалт нь сүүлийн жилүүдэд тодорхой сэдвийн хүрээнд бусад улс орнуудыг урьж оролцуулах болсон бөгөөд энэ удаад Монгол Улсаас гадна БНСУ, БНТУ, Кени, Албани, Австрали, БНЭУ, Бразил зэрэг улсын байгаль орчны сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудал, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Монгол Улс 8 дугаар сарын 17-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг зохион байгуулахтай холбогдуулан туршлага, бодлогын чиглэлээ танилцуулжээ. Энэ хүрээнд цөлжилттэй тэмцэж буй туршлага, усыг зөв зористой ашиглах, нөөцийг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтол бэлчээрийг нөхөн сэргээх, байгальд суурилсан ногоон шийдэл гэсэн гурван үндсэн санаачлагыг дэвшүүлсэн байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлэх цогц бодлогын санаачилга болох “Тал хээрийн төлөвлөгөө”-г дэвшүүлж, олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлов.
Уг санаачилга нь UNCCD COP17-ын хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй бодлогын санаачилга юм. Түүнчлэн уулзалтын хүрээнд Франц, БНСУ, Кени, Итали улсын байгаль орчны сайд нартай хоёр талт уулзалт хийж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, технологи, туршлага солилцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир энэ үеэр хэлэхдээ, Дэлхий дахинд тулгарч буй байгаль орчны асуудлууд гүнзгийрч буй өнөө үед байгаль хамгааллын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг онцлов. Тэрбээр Эдийн засаг, хүнсний тогтолцоо, нийгмийн тэсвэртэй байдал нь байгаль орчин болон газраас шууд хамааралтай. Иймд байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, байгалийн экосистемийн тогтвортой ашиглалт нь тэргүүн зорилт хэвээр байх ёстойг дурдсан юм.

Түүнчлэн “Байгаль ба Хүний сайн сайхны төлөөх санхүүжилтийн эвсэл” байгуулагдаж буй нь цаг үеэ олсон чухал ажил гэж талархан хүлээн авч байгааг тодотголоо. Мөн биологийн олон янз байдлын санхүүжилт хангалтгүй байгаагаас гадна хэсэгчилсэн, салангид хэвээр байна. Санхүүжилтийг бодитой, хэмжигдэхүйц үр дүнтэйгээр зарцуулахад илүү их анхаарал хандуулах шаардлагатайг онцолсон байна.
Монгол Улсын хувьд Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг Даян дэлхийн биологийн олон янз байдлын хүрээтэй уялдуулан шинэчилж байна.
Урьдчилсан үнэлгээгээр 2030 он хүртэл энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 810 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Байгаль хамгаалал нь Монголын нүүдлийн мал аж ахуйн соёл, уламжлалд гүн шингэсэн байдаг бөгөөд газар дэлхийтэйгээ шүтэлцэн амьдрах ухаанд тулгуурладаг. Гэвч хурдтай хөгжил, уур амьсгалын өөрчлөлт нь энэхүү тэнцвэрт байдлыг алдагдуулж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын зохион байгуулагч орны хувьд Монгол Улсаас санаачилж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-г хэрэгжилтийн платформ болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр олон улсын байгаль орчны зорилтуудын хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулна гэсэн итгэл, хүлээлт байна гэсэн байр суурийг илэрхийллээ.
Ийнхүү Монгол Улс “Их долоо”-гийн уулзалтад оролцсоноор олон улсын түвшинд бодлогын санаачилга дэвшүүлж, байгаль орчны чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх байр сууриа бататгалаа.
