Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйлсэд идэвхтэй оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны 4 дүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Олон улсын усны байгууллага байгуулах зөвлөлдөх уулзалт Казахстан улсын Астана хотод RES2026-гийн хүрээнд боллоо.
Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, ган, үер нэмэгдэж, хил дамнасан усны маргаан, цэвэр усны хомсдол үүсэж буй энэ үед эдгээр асуудлыг улс орнууд тус тусдаа шийдэх боломжгүй. Тиймээс дээрх уулзалт нь усны хомсдол, бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг улс орнууд нэгдэж хамтдаа шийдэх, улс хоорондын гол мөрөн, усны нөөцийг зөв зохицуулах, олон улсын нэгдсэн байгууллага байгуулах боломжийг судлах, санхүүжилт, бодлого, технологийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Дэд сайд Б.Мөнхтамир уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Олон улсын усны байгууллага байгуулах санал нь бодит үндэслэлтэй, чухал санаачилга гэж Монгол Улсаас үзэж байна. Тус байгууллага нь НҮБ-ын систем болон олон улсын оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах, олон улсын усны засаглалыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах боломжтой. Мөн усны байгууллага нь бодит хэрэгжилттэй, хүртээмжтэй, улс орнуудын онцлог нөхцөлд нийцсэн байх нь чухал. Олон улсын механизм, санаачилгуудыг давхардуулах бус, тэдгээрийг нөхөж, бэхжүүлэх зарчмыг баримтлах, оролцооны тэнцвэр, хүртээмжийг хангах шаардлагатай.

Түүнчлэн Олон
улсын усны байгууллага байгуулах санал нь Монгол Улс наймдугаар сард
зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /СОР17/-ын үеэр дэвшүүлэх “Тал хээрийн төлөвлөгөө” буюу түүний хүрээнд
“Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежмент”, “Байгальд
суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц” гэсэн санаачилгуудтай уялдаж,
бодит хэрэгжилтийг урагшлуулах боломжийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Тиймээс
Монгол Улс энэ үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, үр дүнтэй, хүртээмжтэй,
хэрэгжилтэд чиглэсэн байгууллага байгуулахад өндөр оролцоотой байна” гэдгийг
онцолсон тухай