ХӨВСГӨЛ: Киоск машинаар газрын 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-28 12:21:26

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь газрын харилцааны төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын баталсан стандартын дагуу үйлдвэрлэсэн киоск машиныг хэрэглээнд нэвтрүүлэн ажиллуулж байна.


Газрын харилцааны киоск машин нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад газартай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Үүнд 52 төрлийн өргөдлийг цахимаар гаргах, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах болон QR кодоор төлбөр төлөх зэрэг үйлчилгээ багтаж байна.


Энэхүү киоск машин нэвтэрснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлж, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй болгоход чухал ахиц гарна гэж үзэж байна.


Хэрэглэгч регистрийн дугаар болон системд бүртгэлтэй утасны дугаараа ашиглан нэвтэрч, шаардлагатай үйлчилгээг авах боломжтой юм. 


 

Related news