“Олон улсын стандарт ба хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон тус зөвлөгөөнөөр улсын бодлого, чиглэлийг орон нутгийн онцлогтой уялдуулан хэрэгжүүлэх арга зам, тулгамдсан асуудлын шийдэл болон хэрэгжүүлж буй ажлын үр дүнг хэлэлцэв.
Мөн эрүүл мэндийн салбарын бодлогын шинэчлэлтэй уялдуулан цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, тусламж үйлчилгээний үр дүнг сайжруулах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын 163 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалай оролцож үг хэлэхдээ, Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тогтвор суурьшил болон нийгмийн баталгааг дэмжихэд салбар хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.
Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл болон шийдлүүдийн талаар санал солилцов.
Мөн Орхон аймгийн Эрүүл мэндийн газар 2022 оноос чанарын менежментийн ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа.