ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Хамгаалахын зэрэгцээ зүй зохистой ашиглах шинэ боломжуудыг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-28 22:43:00
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.


Монгол Улс анх 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баталж байсан бол ийнхүү 32 жилийн дараа шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганы хугацаанд буюу ирэх наймдугаар сард манай улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын өмнө батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.


Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь улс орны нийгэм, эдийн засгийн шаардлага, олон улсын жишигт нийцсэн, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тодорхойлж, бусад хууль тогтоомжийн уялдаа холбоог хангасан, байгалийг хамгаалахын зэрэгцээ зүй зохистай ашиглах шинэ боломжуудыг нээж, засаглал, менежмент, санхүүжилт зэрэг тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн байна


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль анх 1994 онд батлагдаж байсан. Энэ хууль үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Анхны хуулийн үндсэн агуулга газар нутгийг хамгаалалтыг бэхжүүлэхэд чиглэж байсан. Энэ утгаараа хууль гарснаас хойш гол гол экосистемүүдийг улсын тусгай хамгаалалтад авч, амьтан, ургамал зэрэг биологийн олон янз  төрлийг устаж мөхөхөөс хамгаалж, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг байгуулах, хөгжүүлэхэд маш том дэвшил гаргаж чадсан. Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт газар нутгийн 20.8 хувь буюу 32.8 сая га газар нутгийг хамарсан 120 тусгай хамгаалалттай газар нутагтай болсон байна. 


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны

Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг


Одоо манай улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд шинэ эрх зүйн орчин шаардлагатай болсон. Олон шинэ зохицуулалтыг зайлшгүй хийх нөхцөл үүссэн учраас хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Хуулийн шинэчилсэн найруулга нь сүүлийн 12 жил яригдаж, хэлэлцэгдсэн үр дүн дээр бий болсон. Шинэ төсөлд тусгай хамгаалалтай газар нутаг, байгалийн өвийг хамгаалах, тогтвортой ашиглах, хөгжлийн бодлоготой уялдуулж эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн, менежмент, зохистой хэрэглээ зэрэг олон боломжийг нээх зохицуулалт туссан хэмээн онцолсон юм. 


Мөн тэрбээр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай асуудал бол олон газар нутгийг хамгаалалтад авахдаа бус, ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бүрдүүлсэн нутаг орныг үлдээх юм. Үүний тэнцвэрт байдлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль хангадаг. Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай хамгаалалттай газар нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй хамгаалах, менежментийн хувьд “Үр шимийг нь хүрт, олсон ашиг шимээсээ тухайн нутагт нь үлдээ” гэсэн зарчмыг барьсан гэдгийг тодотголоо.


 “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого:

  • 2021-2030 онд цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх зэрэг онцлог экосистемийг тусгай хамгаалалтад авч, унаган байгалийг хамгаална,
  • 2031-2040 онд онцлог, үнэ цэн бүхий экосистемүүдийг тусгай хамгаалалтад авч, анхдагч байгалийн унаган төрх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгална,
  • 2041-2050 онд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн эх дэлхийн экосистемийн үйлчилгээг тэтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна, 
  • Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2030 онд 30 хувь, 2050 онд 35 хувьд хүргэнэ.


Хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл дээр 2023 оноос хойш ажиллаж буй хуульч Р.Лхагвабаяр, Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Парисийн хэлэлцээр зэрэг олон улсын гэрээ конвенцүүдэд нэгдэн орж тодорхой амлалт авсан, үүнийгээ бодлогын баримт бичигт тусгасан зэрэг нь нь ч хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагыг бий болгосон.  Тухайлбал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх зэрэг онцлог экосистемийг тусгай хамгаалалтад авч, унаган байгалийг хамгаалах, онцлог, үнэ цэн бүхий экосистемүүдийг тусгай хамгаалалтад авч, анхдагч байгалийн унаган төрх, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн эх дэлхийн экосистемийн үйлчилгээг тэтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулах замаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2030 он гэхэд 30 хувь, 2050 он гэхэд 35 хувьд хүргэнэ гэж заасан.


Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, байгалийн унаган төрхийг хадгалж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, генетик нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой ашиглаж, байгалийн нөөцийг хамгаалж, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоон, био аюулгүй байдлыг ханганх, байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлнэ гэж тусгасан. Эдгээр нь Тусгай хамгаалалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үндэслэл болсон хэмээлээ.


Хуульч Р.Лхагвабаяр

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийхэд:

  1. Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглалтыг зохицуулах харилцааг сайжруулах,
  2. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийг тухайлсан хуулиар зохицуулах шаардлагагүй, энэ хуулийн хүрээнд зохицуулах,
  3. Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилийн олон талт эх үүсвэрийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх,
  4. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг сайжруулах,
  5. Орон нутгийн иргэд хадлан, бэлчээр, ахуйн зориуулалтаар мод, байгалийн бусад дагалт баялаг болон өвөлжөө, хаваржааны зориуулалтаар газар ашиглах,
  6. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд олон талт оролцоог хангах,
  7. Хот суурин орчмын тусгай хамгаалалттай газар нутагт үүсээд буй газар ашиглалттай холбоотой хүндрэлийг шийдвэрлэх шаардлага байгаа нь харагджээ.

Өөрөөр хэлбэл, дээрх үр дагаврууд нь шинэ хуульд тусах өөрчлөлтүүдийн гол чиглэлүүд гэсэн үг. Тиймээс шинээр боловсруулсан 10 бүлэгтэй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа дээрх шаардлагуудыг харгалзан шинэ зохицуулалтуудыг тусгаж өгчээ.


Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр:

  • Байгалийн унаган төрхийг хадгалж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулна. Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, генетик нөөцийг нэмэгдүүлэн тогтвортой ашиглаж, байгалийн нөөцийг хамгаалж, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоон, био аюулгүй байдлыг хангана. Байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлнэ хэмээсэн.


Хуулийн төсөлд ямар гол шинэчлэлүүд тусав?

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын хэд хэдэн гол өөрчлөлтийг тусгасан байна: Үүнд:

  • Хуулийн төсөлд тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ, ангилал, дотоод бүс, орчны бүс, судалгаа, шинжилгээ, менежмент, төрийн байгууллагын эрх, үүргийг шинэ бүлэг болгож оруулсан байна.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал одоогийн хуульд Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Байгалийн нөөцийн газар, Дурсгалт газар гэж байгаа бол шинэ хуулийн төсөлд энэ ангилалд Орон нутгийн тусгай хамгаалалттай газар гэж нэмж оруулжээ.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсийн ангиллыг Онгон бүс, Онцгой бүс, Хамгаалалтын бүс гэж заажээ.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалалтад авах шалгуур үзүүлэлт, ангилал тус бүрийг ялгаж, нарийвчилж тодорхойлжээ. 
  • Газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажлын зохион байгуулалтыг хуульчилсан байна.
  • Газар ашиглалтыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн хэрэгжүүлэхээр заасан аж.
  • Нэгдсэн бүртгэлийг газрын болон уул уурхайн кадастрын системтэй уялдуулсан байна.
  • Хил орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн зохицуулалтыг Хилийн тухай хуультай нийцүүлжээ.
  • Хилийн бүсийн тусгай хамгаалалттай газар нутагт хамтын менежмент хэрэгжүүлэхээр зааж өгчээ.
  • Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг илүү тодорхой болгожээ.
  • Экологийн даацад нийцсэн байгалийн аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн болон нутгийн иргэдийн орлогод хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
  • Хот, тосгон орчмын шинэ суурьшлын бүстэй холбоотой хүндрэлүүдийг шийдвэрлэх арга замыг тусгажээ.
  • Өмнө бий болсон бүсийг зөвшөөрөх, цаашид тэлэхгүй байх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн байна.
  • Зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнийг хангах зэрэг хамгаалалтыг горимыг тодорхой тусгажээ.
  • Дотоод бүсийн дэглэмийг сайжруулснаар нутгийн иргэд хадлан, бэлчээр болон ахуйн зарим хэрэгцээнд зориулж газар ашиглах боломжтой болсон аж.
  • Нутгийн иргэд гэрээний үндсэн дээр хадлан, бэлчээр ашиглах зохицуулалт, шаардлагыг тодорхой болгожээ.
  • Өвөлжөө, хаваржааны газар болон үл хөдлөх хөрөнгийг эрхийн бүртгэлтэй холбож, зориулалтыг өөрчлөхгүйгээр өвлүүлэх боломж бүрдүүлсэн байна.
  • Газар ашиглалтын хугацааг 15 хүртэлх жил байхаар заажээ.
  • Газар ашиглалтыг харилцааг дуусгавар болгох, газрыг хүлээлгэн өгөх нөхцөлийг тодорхой заасан байна.
  • Газрын зориулалт нь: 1.Өвөлжөө, хаваржаа, 2.Аялал жуулчлал, 3.Нийтийн дэд бүтэц байх аж.
  • Орчны бүсийг тусгай хуулиар бус, хуульд бүлэг болгон оруулж, Орчны бүсийн зөвлөл 9+ хүний бүрэлдэхүүнтэй, ажлын төлөвлөгөө гаргаж үйл ажиллагаа явуулахаар заажээ.
  • Менежмент, төлөвлөгөө, хэрэгжилтийн зарчим, хэлбэрийг шинээр хуульчилж оруулжээ.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чиг үүргийг төрийн бус байгууллага, нутгийн иргэний байгууллага, хувийн хэвшилтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллах боломжтой болгосон байна.
  • Менежментийн төсөв, санхүүжилтийн хувьд дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын төсвийг улсын төсвөөс, бусад ангиллын санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсвөөс бүрдүүлэхээр тусгасан байна.
  • Санхүүжилт нь үйл ажиллагааны суурь зардал болон менежментийн төлөвлөгөөний үр дүнд суурилсан эх үүсвэрээс бүрдэх ажээ.
  • Нэвтрэх хураамж, нэг удаагийн үйлчилгээ, дүйцүүлэн хамгаалах зардал зэрэг төвлөрүүлэх эх үүсвэрийг тодорхойлжээ.
  • Аргачлалыг байгаль орчин болон төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төв байгууллага батална гэж зааж өгч байгаа юм байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ийнхүү салбарын яамны түвшинд бэлэн болжээ. Одоо хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганд өргөн барих дэгтэй юм.


Хэрвээ УИХ-ын энэ хаврын чуулганаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталбал Монгол Улс СОР17 бага хурлыг тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх шинэ эрх зүйн орчинтой угтаж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үнэлэгдэх, олон улсын гэрээ, конвенцээр хүлээсэн үүргээ цаашид нэр төртэй биелүүлэх итгэл төрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.  


Хуулийн төсөл батлагдсанаар гарах үр дүн:

  • Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлнэ.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд талуудын оролцоог нэмэгдүүлнэ. Улмаар хамгааллын үйл ажиллагааны олон талт байдлыг хангаж, хамгааллын тогтолцоо тогтвортой болно.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг хөгжлийн томоохон хөтөлбөрүүд, орон нутгийн хөгжил, малчин өрхүүдийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэн хөгжүүлэх боломжтой болно.
  • Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийг талуудын оролцоотойгоор олон эх үүсвэрээс бүрдүүлснээр улсын төсвийн ачааллыг бууруулна хэмээн үзэж байна.
  • Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн арга зүйгээр хийж, судалгаанд суурилсан байгаль хамгааллын менежмент хөгжих боломжийг бүрдүүлэх, газар нутгийн хамгааллын менежментэд олон талын оролцоонд тулгуурласан хамтын менежментийн зарчмыг нэвтрүүлж, удирдлага зохицуулалт, санхүүжилтийг олон улсын жишигт нийцүүлэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх.

(Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл)


#ӨНӨ_МӨНХИЙН_МОНГОЛЫГ_ХАМТДАА_БҮТЭЭНЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Дэ Нейче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар - The Nature Conservancy in Mongolia (TNC)

Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation

"Өнө Мөнхийн Монгол" хөтөлбөр

Related news