“Facebook” хакерын халдлагыг анхааруулдаг систем нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-20 12:30:57

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Төрийн байгууллагуудтай холбоотой хакеруудын хяналтад орсон хэрэглэгчдэдээ “Facebook” компани анхааруулга өгдөг болно. Энэ тухай тус компанийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Алекс Стамос мэдээлжээ.

“Төрийн албан тушаалтнууд болон байгууллагуудтай ойр хакеруудын үйлдэж буй халдлага өөр бусад хакерын халдлагуудтай харьцуулахад улам бүр аюултай болж байгаа учир ийм арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна.

“Facebook дэх таны хуудас төрийн ашиг сонирхолд ажиллаж байж магадгүй хакеруудын халдлагын бай болсон гэж бид үзэж байна” гэсэн мэдээллийг дээрх хакеруудын халдлагад өртсөн хэрэглэгч бүр хүлээж авах аж. Ингэхдээ хэрэглэгчдэд хувийн мэдээллийг нь хамгаалдаг “Facebook”-ийн тусгай алба руу орохыг зөвлөнө.

Д.Жаргал

 

Related news