Иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр ардчиллын явцыг түргэтгэнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-21 18:27:12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо” төсөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгуулсан “Ардчиллын хөгжил-Иргэний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уг хурлын үеэр Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаатар “Төлөөллийн ардчилал, тулгамдсан асуудал”, Удирдлагын академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүх “Шууд ардчилал, иргэдийн оролцоо”, Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Ганбат “Монгол Улсын ардчиллын чанар, анхаарах асуудал”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Орон нутгийн түвшин дэх иргэдийн санаачлах эрх” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Доктор, профессор Ч.Энхбаатар илтгэлдээ төлөөллийн болон шууд ардчиллын эерэг, сөрөг талуудын талаар дурдлаа. Төлөөллийн ардчиллын сөрөг талаас дурдвал, төрийн  бодлогын шийдвэр гаргах үйл явцад ард түмэн шууд оролцох боломжгүй, шийдвэр гаргах хүндийн жин нь ард түмэнд биш, төлөөлөгчдөд бүр тодруулбал, намуудад төвлөрдөг. Засаг төрийг ард түмнээс хөндийрүүлснээр түүний хүлээн зөвшөөрөгдөх байдал буурдаг, нам төрийн толгой дээр гарч, парламентын шийдвэр нэрээр суудлын олонхийг авсан намын шийдвэр гарч хэрэгждэг, парламентын гишүүн харьяалах намын бодлогыг заавал дагах үүрэг хүлээснээс түүний хараат бус байдал алдагддаг гэв.

Энэ байдал өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаан дээр харагдаж байгааг судлаачид хэлж байсан юм. Байдал даамжирснаар парламентын гишүүн яваандаа өөрийн эрх ямба, байр сууриа хадгалахын төлөө бүхнээ зориулах тал руу хальтирдаг байна. Мөн яамдын түшмэд, шинжээчдийн хууль тогтоох үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөө их болж,  гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоогчдыг шахаанд оруулснаар төрд авторитар хандлага нэмэгддэг. Олон түмэнд парламентад үл итгэх хандлага хүчтэй илэрч, үүний улмаас иргэд сонгуульд оролцохоос зайлсхийх явдал нэлээд газар авч, сонгуульд санал өгсөн сонгогчдын тоо тогтмол буурдгийг илтгэлд тэмдэглэсэн юм.

Илтгэгч Д.Ганбат “Монголын ардчиллын чанарт ахиц гарсан гэж үзэж болохгүй. Либерал ардчиллын үнэт зүйлсийн нэлээд хэсэг Монголд хөгжлөө олоогүй байна. Процедурын хэмжүүр дотор авлигын хяналт, хэвтээ хариуцлагын тогтолцоо болон эрх зүйт ёс дутмаг. Иргэдийн эрэлт, хэрэгцээ, сонирхлыг төр засаг нь гүйцэлдүүлж байх явдал хамгийн их үгүйлэгдэж байна. Сонгогдсон улс төрчдийн авлигад автахаас сэргийлэх хуулийн хамгаалалт дутуу. Сонгуулийн санхүүжилтийн хатуу чанд зохицуулалтыг боловсруулах, хууль шүүхийн байгууллагын хараат бус дархлаа, чадамжийг нэмэгдүүлж, улс төрийн нөлөөллөөс ангижруулах нь зүйтэй" гэсэн дүгнэлтүүдийг илтгэлдээ хийсэн юм.

Доктор, профессор Ш.Батсүх Ард нийтийн санал асуулга явуулах, Иргэдийн нийтийн хурал, Орон нутгийн референдум гэсэн шууд ардчиллын гурван хэлбэр Монгол Улсад хэрэгжих бололцоотой гэдгийг онцлов.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хурлыг хааж хэлсэн үгэндээ эдгээр илтгэлүүдээр ном гаргаж, шийдвэр гаргах түвшнийхэнд хүргэнэ. Нэг удаагийн хурал хийгээд асуудлыг өнгөрүүлдэг биш, байнгын гарын авлага болгож шийдвэрт нөлөөлөхүйц ажил болгоно гэлээ.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news