"Рио-2016" зуны олимпийн бэлтгэлд Бразилчуудтай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2015-10-29 17:26:44

Энэ сарын 21-нд Бразилиа хотноо болсон Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Бразил Улсын Спортын яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтаар талууд "Рио-2016" зуны олимпийн тоглолтод оролцох баг тамирчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх тал дээр зарчмын хувьд тохироонд хүрчээ.

Зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа, Элчин сайдын яамны холбогдох ажилтнууд монголын талыг төлөөлсөн бол бразилийн талаас тус улсын Спортын яамны Гадаад харилцааны газрын дарга, Элчин сайд Ренан Паэс Баррето, тус газрын дэд дарга Карлос Ренати Пирс де Камарго нарын албаны хүмүүс оролцов.

Зөвлөлдөх уулзалт нь өнгөрсөн оны 6 дугаар сарын 9-нд гарын үсэг зурсан хоёр улсын Засгийн газар хоорондын спортын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг эхлүүлж байгаагийн зэрэгцээ ирэх жил Бразилд болох "Рио–2016" зуны олимпийн өмнө болж буйгаараа онцлог, ач холбогдолтой аж. Талууд цаашид Монгол, Бразилд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээнүүдэд харилцан тамирчдаа оролцуулах, спортын холбоод, мэргэжлийн клубүүдийн хамтын ажиллагааг дэмжих, мэргэжилтэн бэлтгэх, спортын анагаах ухаан, менежмент зэрэг дэд салбаруудын олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд эрдэмтэд мэргэжилтнүүдээ харилцан урьж оролцуулах талаар санал солилцжээ.
 

Б.Туул

Related news