Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэхэд 187.1 сая төгрөг зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрон гэргүй тэнэмэл 103 иргэний 39 нь нийгэмшсэн гэж АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Эрдэнэбулган мэдээллээ.
Орхон аймаг өнгөрсөн гурван жилийн хугацаанд орон гэргүй, байнга архи ууж орц хонгилоор амьдардаг иргэдийг түр хугацаагаар байршуулж бичиг баримтжуулж, ажлын байраар хангаж байсан. Давхардсан тоогоор 161 иргэнд дээрх халамж, үйчилгээ үзүүлж 187.1 сая төгрөг зарцуулсан байна. Гурван жилийн хугацаанд 161 иргэнээс 103 нь “Түр хоноглох байр”-нд байнга байрлажээ. Гэхдээ зөвхөн хүйтний улиралд уг төв ажилладаг юм. Түр хоноглох байранд нэг иргэнд 10 мянган төгрөг төсөвлөдөг. Хоолонд 3500, хоноглоход 6500 төгрөг бөгөөд эл мөнгийг Нийгмийн хамгааллын сангаас гаргадаг юм. 2012 оноос хойш уг сангаас 161.7 сая, үлдсэн нь орон нутгаас гарчээ.
Харин энэ жил “Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх хөтөлбөр”-т 60 иргэн хамрагдах тооцоо гарчээ. Уг хөтөлбөр ирэх сарын 4-өөс 2016 оны 3 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үйл ажиллагааны зардалд орон нутгаас 15 сая төгрөг төсөвлөжээ.
Б.Оюун-Эрдэнэ