Худалдагч нар ур чадвараараа уралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-19 12:23:31

Худалдагч нарын ур чадварыг сорих уламжлалт уралдааныг аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс зохион байгуулах гэж байна.

Худалдагчийн харилцаа ёс зүй, худалдааны ур чадварыг сайжруулж, хүнсний аюулгүй байдлын тухай мэдлэгийг бататган, олон нийтэд хандах хариуцлагыг дээшлүүлэхэд  дээрхи уралдааны зорилго чиглэдэг.

 Худалдаа үйлчилгээ эрхэлдэг Дундговь аймгийн бүх аж ахуйн нэгж шилдэг худалдагч нараа энэ тэмцээнд оролцуулна. Худалдагч нарын ур чадварыг сорих гол даалгавар нь онолын мэдлэгээр тест бөглөж, тооцоолон бодох, бараа бүтээгдэхүүнийг тавиур дээр уран гоё өрөх, жин хэмжих, бүтээгдэхүүний тэмдэг тэмдэглээ, бар код, шинж чанар, ашиг тусыг тайлбарлах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаа байх ажээ.

Дундговь аймгийн хувьд худалдаа үйлчилгээний газрууд нь орчин үеийн жишгийг дагасан тохь тухтай, худалдан авагчид бараа бүтээгдэхүүнээ сонгож өөртөө үйлчлэх нөхцлийг бүрдүүлсэн, супермаркетын зохион байгуулалттай болсон байдаг. Энэ орчин нөхцлийг дагаад худалдагч нарт харилцааны ёс зүй, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах чадвар улам шаардагддаг болсон бөгөөд энэхүү уралдааныг жил бүр зохион байгуулдаг болсон нь худалдагч нарын ур чадварыг өсгөхөд ач холбогдол өгч байгаа ажээ.

Энэ жилийн уралдаан ирэх даваа гаригт Мандалговь хотноо болох юм байна.

 Дундговь Т. Отгонтуяа

Related news