Зургаан аймгийн нутагт Дундговийн 66 мянган мал оторлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬӨнөөдрийн байдлаар Дундговь аймгийн 90 гаруй малчин өрх 66 мянга 500 толгой малын хамт 6 аймгийн нутагт оторлож байна.
Энэ сарын эхнээс үргэлжлэн орсон цасны байдал өвөлжилтийг хүндрүүлж болзошгүйд хүргээд байгаа бөгөөд одоо отор нүүдэл Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг руу чиглэж, өөр аймгийн нутагт оторлон өвөлжих малчдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Тиймээс шаардлагатай тохиолдолд отрын штаб ажиллуулах бэлтгэл хангах үүднээс аймгийн онцгой комисс шатахууны нөөц бэлдэхээр болжээ.
Одоогийн байдлаар дээрхи 66.5 мянган толгой малаас гадна 196 малчин өрх 140 шахам толгой малын хамт өөрийн аймгийн бусад сумын нутагт оторлож байгаа бол харин Өвөрхангай, Төв, Өмнөговь, Булган аймгаас 20 гаруй малчин өрх 12 мянга 500 толгой малтай Дундговийн Сайхан- Овоо, Эрдэнэдалай сумын нутагт өвөлжиж байна.
Дундговь Т. Отгонтуяа