Сайнцагаан сумын сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрт шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-22 13:34:33
Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын ИТХ-ын даргын захирамжаар “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, зөрчлийг илрүүлэн арилгах зорилгоор долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган энэ сарын 8, 9-ний өдрүүдэд ЕБС, цэцэрлэгийн “Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийлээ.

Шалгалтад ерөнхий боловсролын дөрвөн сургууль, долоон цэцэрлэг хамрагдсан байна. “Үдийн цай” хөтөлбөрт Сайнцагаан сумын дөрвөн сургуулийн 1-5-р ангийн 1963 сурагч хамрагддаг аж. Сургуулиудад хийсэн шалгалтаар ноцтой зөрчил, дутагдал илрээгүй байна. Шалгалтын хүрээнд явуулсан үдийн цай, хоолны амт чанарыг тодорхойлох судалгаанд дөрвөн сургуулийн бага ангийн 373 сурагчийг хамруулсан аж. Санал асуулгад оролцсон сурагчдын 88.4 хувь нь үдийн цай, хоолны чанарыг, 85.7 хувь нь хүртээмж сайн хэмээн дүгнэжээ. Түүнчлэн сургууль тус бүр хоолны цэсийг долоо хоног бүр шинэчлэн, хоолны хэмжээ илчлэгийг тогтмол тодорхойлон гаргадаг бөгөөд “Үдийн цай” хөтөлбөрт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд хийсэн хяналт, лабораторийн шинжилгээний бичиг, тогоочийн хоол үйлдвэрлэлийн хөтөлгөөнүүд бүрэн, гал тогоо болон агуулахын ариун цэвэр сайн хийгдсэн, сургуулийн эмч, тогооч, нярав эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан гэсэн дүгнэлт гарсан байна.

Түүнчлэн Сайнцагаан сумын долоон цэцэрлэгт 1384 хүүхэд хамрагддаг аж. Саяны шалгалтаар зарим цэцэрлэгийн гал тогоо, агуулахад хугацаа дууссан хүүхдийн будаа, нарийн боов хадгалж байгаа зөрчил илэрчээ. Мөн долдугаар цэцэрлэг долоо хоногийн 3-4 хоногт сүү, тараг өгч хэвшсэн бол хоёрдугаар цэцэрлэг хариуцсан эмчтэйгээ хамтран хүүхдүүдэд өсөлт хөгжлийн судалгааг хийн, жин, өндрийн хэмжээндээ хүрээгүй хүүхдүүдэд хоолны тусгай цэсийг боловсруулан гаргасан аж.

Нэг хүүхдийн нэг өдрийн хоолны төсөвт өртөг 1650 төгрөг байгаа нь хүүхдүүдэд өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүн өгөхөд хүндрэлтэй байгааг цэцэрлэгийн багш удирдлагууд хэлж байв.
Б.Ундармаа
Related news