Элчин сайдын яамны байрны ойролцоо дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-26 15:21:09
БЭЭЖИН. /Би-Би-Си/. БНХАУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яамны байрны ойролцоо пүрэв гарагт дэлбэрэлт болсон тухай уг үйл явдлыг харсан хүмүүс цахим сүлжээгээр дамжуулан мэдээлснийг телевизийн "Би-Би-Си" суваг уламжлав.

Хятадын нийслэлийн төв хэсэгт байрладаг тус элчин сайдын яамны байрны ойролцоо утаа суунаглаж байгаа хийгээд олон хүн цугларсныг харуулсан дүрс бичлэг болон гэрэл зургууд олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна. БНХАУ-ын засгийн газраас уг хэргийн талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй байгаа ажээ. Мөн дэлбэрэлтийн шалтгаан ч хараахан тодорхой болоогүй байгаа юм байна. 
 
“Дэлбэрэх чимээ сонсогдож, чичиргээ мэдрэгдсэн” гэж тус газрын ойролцоо явж байсан хүмүүс мэдээллийн “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Уг дэлбэрэлт болохоос хэдхэн цагийн өмнө Хятадын “Global Times" сонин цахим хуудсаараа дамжуулан “Орон нутгийн цагаар өглөөний 11 цагийн үед АНУ-ын элчин сайдын яамны ойролцоо өөрийгөө шатаахыг оролдсон нэгэн эмэгтэйг цагдаагийн ажилтнууд баривчилсан байна” гэж мэдээлээд байсан байна. Уг хоёр хэрэг хоорондоо холбоотой эсэх нь мөн тодорхойгүй байгаа ажээ.
Э.Хулан

 

Related news