Нэг дороос цогц үйлчилгээ авахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын "Шинэ говь" худалдааны төвийн зүүн талын байрыг "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" болгож засварласнаар төрийн 15 байгууллага нэг дор иргэддээ үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломж бүрдлээ. Уг төвийн барилгыг улсын комисс үзэж ашиглалтад хүлээн авахаар болжээ.
Барилгын засварын ажлыг орон нутгийн төсвийн 600 гаруй сая төгрөгөөр "Их цэнхэр" ХХК гүйцэтгэж гадна фасад засвар, явган хүний зам, авто машины зогсоол, гэрэлтүүлэг дотор иж бүрэн засвар тохижилтыг чанарын өндөр түвшинд хийж улсын комисст хүлээлгэн өглөө.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, "Даланзадгад ДЦС" ТӨХК, Архив, Авто тээврийн төв, Татварын хэлтэс, "Гүний ус" ХХК, "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК гэх мэт 15 байгууллага нэг дор төвлөрч төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлнэ.
Мөн энэхүү байгууламжийн хоёр давхарт төрөлжсөн барааны худалдааны төв ажиллана. Аравдугаар сарын 10-н гэхэд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн үйл ажиллагаа жигдрэх аж. Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх налуу шат, хоёр давхарт гарах өргөгчийг байрлуулж жишиг орчин бүрдүүлэхээр зорьж байна.
Д.Мишигсүрэн