Цагдаагийн газар 2018 оны үйл ажиллагаагаа иргэдэд тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-07 13:49:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар өнөөдөр 2018 оны үйл ажиллагаагаа иргэдэд тайлагналаа. Цагдаагийн газраас аймаг сумын ЗДТГ, ИТХ-тай хамтран олон төрлийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үүнтэй холбогдох ажил арга хэмжээ зохион байгуулсны  үр дүнд аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 20,2 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 43,0  хувь, хулгайлах гэмт хэрэг 32,1 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 36,0 хувь, хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг 3,1 дахин, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 54,5 хувиар тус тус буурсан  байна.

 

Харин хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6,4 хувь, залилан мэхлэх гэмт хэрэг 64,3 хувь өссөн байгаад Цагдаагийн газрын даргын  тушаалаар долоон хүний бүрэлдэхүүнтэй “Судалгаа дүн шинжилгээний баг”-аас дүгнэлт гаргаж, цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажил арга хэмжээний чиглэлээр тасгийн дарга, ахлахуудад “Зөвлөмж” гаргаж хүргүүлэн биелэлт үр дүнг нь тооцон ажиллаж байгаа аж.

 

“Цагдаагийн газрын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах үндсэн үүрэгт ажлаа хэвийн хэмжээнд гүйцэтгэлээ гэж үзэж байгаа. Хэрэглэгчийн үнэлгээний дүнгээр иргэд манай үйл ажиллагаанд сайн гэсэн дүн тавьсан. 2018 онд гэмт хэргийн илрүүлэлт өссөн, гэмт хэрэг гаралт буурсан, гэмт хэргээс урьдчилан хэргээс сэргийлэх ажлын чанар үр дүнг дээшлүүлсэн, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн онцлог жил байлаа. Олон нийтийн цагдаа, сайн дурын эргүүл ажиллуулах ажлуудыг зохион байгуулсны үр дүнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох иргэдийн оролцоо сайжирч , тодорхой үр дүнгүүд гарлаа. 2019 онд ч мөн адил урьд оны амжилттаа бататгах, цаашлаад шинэ шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Аймаг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлд манай газраас хэд хэдэн томоохон ажлыг тусгуулж чадлаа. Тодруулбал, олон нийтийн цагдаагийн тоог нэмэгдүүлэх, Баруун-Урт, Мөнххаан сумдад баригдаж буй замын цагдаагийн постыг байнгын үйл ажиллагаатай болгох, цагдаагийн газрын конторын барилгыг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аюто машин, техникийн парк шинэчлэл хийх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2,5 тэрбум төгрөгөөр аймгийн төвийн авто замын долоон уулзварыг гэрлэн дохио, камержуулах ажлыг эхлүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 25 айлын орон сууц барих, Түмэнцогт суманд цагдаагийн кабон барих зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.” хэмээн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан хэллээ.

 

Тус газар нь долоон тасаг нэгжтэй. Батлагдсан орон тоогоор 108 алба хаагч байхаас 104 алба хаагчтайгаар хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байна. Цагдаагийн газраас жил бүр шилдэг алба хаагч, шилдэг тасгийг шалгаруулдаг . 2018 оны шилдэг тасгаар мөрдөн байцаах тасаг шалгарсан бөгөөд тус тасаг нь өнгөрөгч онд эрүүгийн цагдаагийн тасгшаас эзэн холбогдогч нь тогтоогдсон 46 хэргийг хүлээн авч, 252 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

 

“Манай тасаг Мөрдөн байцаах албанаас дэвшүүлсэн есөн зорилтыг 100 хувь ханган биелүүллээ. Мөн хамтран ажилладаг аймгийн Прокурорын газар нь улсын хэмжээнд яллах дүгнэлт үйлдүүлсэн хэргээрээ тэргүүн байр эзэлсэн. Энэхүү амжилтыг гаргахад манай мөрдөн байцаах тасаг болоод мөрдөн байцаагч нарын зүгээс тодорхой үүрэг биелүүлж, үр дүнг үзүүлсэн. Мөн тасгийн хувьд 2018 онд үйлдэгдсэн онц ноцтой хэргүүдийг 100 хувь илрүүлсэн. Одоогоор 2018 оны жилийн эцэст шалгагдаж буй арван гэмт хэргийн үлдэгдэлтэй ажиллаж байна.” гэдгийг тус тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Ганзориг хэллээ.

関連ニュース