Спорт өрөлтөөр хүүхдүүд эцэг эхчүүдтэйгээ хамт хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Хурд спорт өрөлтийн Баруун-Урт сумын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Сүхбаатар аймагт орж ирээд удаагүй байгаа ч тус спортоор хичээллэх сурагчдын тоо хэдийн 100 хүрчээ.
Тус спортоор хүүхдүүд эцэг эхчүүдийн хамт хичээллэх болжээ. Хурд спорт өрөлт нь бүх насныханд тохиромжтой спорт бөгөөд хүний оюун ухаан болон давхар биеийн фитнесс болдгоороо онцлог гэнэ.
Анхдугаар тэмцээнд
3-40 хүртэлх насны 90 гаруй тамирчин оролцжээ. Тэд зургаан насны ангиллаар
ганцаарчилсан, багийн, хосын гэсэн гурван төрлөөр өрсөлдөж аваргуудаа
шалгаруулжээ. Шагналт байранд шалгарсан тамирчид улсын аваргад оролцох эрхтэй
болсон байна. Тэмцээнийг Монголын спорт өрөлтийн холбооны мэргэжлийн багш,
дасгалжуулагчид ирж шүүжээ.
Монголын спорт
өрөлтийн холбооны багш дасгалжуулагч У.Мөнхцэцэг 2018 оны 07 дугаар сард тус
спортыг анх орон нутагтаа танилцуулж, улмаар сургалт хичээллүүлж эхэлжээ. Тэрээр
хэлэхдээ “Энэ бол оюуны спорт. Монголын хүүхдүүд уг спортоор дэлхийд өрсөлдөн
нэрээ дуурсгаж байна. Тэгвэл яагаад Сүхбаатарын хүүхдүүд мөн дэлхийд гарч
болохгүй гэж. Ийм л том мөрөөдлөөр анх сургалтаа эхлүүлсэн. Спорт өрөлт бол
эхлэл гэж хэлж болно, цаашид сургалт маань улам гүнзгийрч, төрлөө нэмэгдүүлэх
болно. Спорт өрөлтөөр хичээллэснээр хүүхдийн хоёр гарын хөгжил эрчимжиж, хөдөлгөөн
хурдасна. Мөн хүүхдийн баруун зүүн тархи зэрэг хөгжиж, ой тогтоолт сайжирдаг. Хүүхдүүд
төдийгүй эцэг эхчүүд ч үүнд маш ам сайтай байгаа. Гэр бүлээрээ хамт хичээллэж,
хамтдаа хөгжиж байна. Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ овюунд хөрөнгө оруулалт
хийх хэрэгтэй шүү дээ. Нөгөө талаар хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөх хамгийн
зөв үйлдэл бол энэхү спорт өрөлтөөр хамт
хичээллэх явдал юм.” хэмээн багш, дасгалжуулагч У.Мөнхцэцэг өглөө.
У.Мөнхцэцэг нь спорт
өрөлтөөр улсдаа хоёрдугаарт эрэмбэлэгддэг тамирчин бөгөөд удахгүй болох дэлхийн
аваргад Монгол Улсаа төлөөлөн оролцох шигшээ багийн гишүүнээр сонгогджээ.