Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүд нэгдэж, бүлгэм байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Цахирмаа" эмэгтэйчүүдийн бүлгэм байгуулж, анхны уулзалтаа хийлээ.
Эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр нэгдэж аймаг, орон нутгийнхаа
эрх ашиг, хөгжил дэвшил, ирээдүй хойч болсон үр хүүхдийнхээ дуу хоолой болоход тэд
ийнхүү хүчээ нэгтгэж эхлэв.
Тус бүлгэм нь эмэгтэйчүүдэд,
айл өрхөд, үр хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлыг сонсож шийдвэр гаргах
түвшинд танилцуулж үр дүнг олон нийтэд нээлттэй хэлэлцэж, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд
рүү чиглэсэн олон арга хэмжээг явуулахаар төлөвлөжээ.
Эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэнд, гоо сайхан, боловсрол гээд бүхий л зүйлд бид анхаарлаа хандуулж ажиллана. Тиймээс бүх насны эмэгтэйчүүдэд манай үүд хаалга нээлттэй. Хамгийн гол нь эмэгтэйчүүдийн оролцоог бий болгоё, шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн хувийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана.
Мөн төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж олон төрлийн сургалт мэдээлэл явуулах, зөвлөгөө өгөх зэргээр эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллах болно гэж аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Энхцэцэг хэллээ.
Өнөөгийн нийгэмд
эмэгтэйчүүдийн дуу хоолой аль ч салбарт хангалттай түвшинд байхгүй тул эмэгтэйчүүдийг нэгтгэсэн "Цахирмаа" бүлгэмийн ажлыг дэмжинэ гэж уулзалтад оролцогчдын төлөөлөл илэрхийлэв.