Шинэ алба хаагч “Шилдэг хэсгийн төлөөлөгч”-өөр шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019” ажил мэргэжлийн аварга шалгаруулах уралдаан энэ сарын 27-29-ний өдрүүдэд боллоо. Уралдаанд Сүхбаатар аймгийн 12 сумын хэсгийн төлөөлөгч оролцсоноос цагдаагийн шинэ алба хаагч, цагдаагийн дэслэгч Ц.Ганзориг түрүүллээ.
Түүний хувьд Хууль
сахиулахын их сургуулийг өнгөрсөн хавар төгссөн. Өдгөө тус аймгийн Асгат сумын
хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна.
Энэ удаагийн тэмцээн хэсгийн
төлөөлөгч нарын гуравдугаар улирлын цугларалттай зэрэг болж буйгаараа онцлог. Хэсгийн
төлөөлөгч нарын ур чадвар, мэргэжлийн мэдлэг, албаны тусгай хэрэгслийг ашиглах,
хууль эрхзүйн тест, гадаад хэлний мэдлэг, компьютерийн мэдлэг, буудлага, уран
жолоодлого, малын им тамга, зүс таних зэрэг 15 төрлийн тэмцээнээр өрсөлдсөн. Ялангуяа
малын зүс, им тамга таних тэмцээнийг энэ жил анх удаа нэмэлтээр оруулсан бөгөөд
малын хулгай их гардаг бүс нутгийн тухайд хэсгийн төлөөлөгч нарын чадварыг сорих
хамгийн чухал тэмцээн аж. Ингэснээр цагдаагийн
алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв
журмын сахиулах, албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг
цагдаагийн газрын удирдлагууд хэлж байлаа.