Хөв цөөрөм байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-18 14:10:10

Увс /МОНЦАМЭ/. Жил бүрийн 6-р сарын 17-ныг Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр хэмээн НҮБ-аас тодорхойлсон байдаг.

Энэ өдрийг тохиолдуулан Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны хамт олон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг сааруулж ан амьтдын амьдрах орчинг сайжруулж, өсөлтийг дэмжин, биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах зорилгоор тодорхой ажлуудыг хийж иржээ.

Энэ жилийн хувьд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Түргэн уулын ДЦГ-ын Гоожуур хэсгийн Савайн зуслан гэдэг газарт хөв цөөрөм байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр байгалийн гадаргын усыг хуримтлуулан цөлжилтийг сааруулж, ан амьтдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах юм байна.

Тэрчлэн Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны хамт олон Увс нуурын ДЦГ-ын Улаангом, Хөндлөн хэсгийн хязгаарлалтын болон орчны бүсэд зусаж байгаа 181 айл өрхийн 560 гаруй иргэнд болон Түргэн уулын ДЦГ-ын хязгаарлалтын болон орчны бүсэд байгаа 130 айл өрхийн 450 гаруй иргэнд ТХГН-ийн ач холбогдол, экосистемийн үйлчилгээний талаар болон байгаль орчны багц хуулиудыг сурталчлан таниулах ажлыг хийсэн байна. 

関連ニュース