"Сүү" ХК-ийн цэвэр борлуулалтын орлого 5 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-03 17:49:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Сүү" ХК энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаар цэвэр борлуулалтын орлогоо өмнөх оны мөн үеэс 5 хувиар өсгөсөн дүнтэй гарав. 

Борлуулалтын орлого өсөхөд ПЕТ савлагаатай тараг болон удаан хадгалах боломжтой тетрапак савлагаатай сүүний борлуулалт голлон нөлөөлжээ. Харин цэвэр ашгийн түвшинд тус ХК бууралттай ажилласан байна. Үүнд борлуулсан бүтээгдэхүүний өртөг нөлөөлжээ. Тодруулбал, дэлхийн зах зээл дэх ханшийн, мөн түүхий эд материалын үнийн өсөлт нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг өсөхөд хүргэв. 


Нэмж хувьцаа гарган татан төвлөрүүлэх хөрөнгөөр сүү хүлээн авч боловсруулах үйлдвэрлэлээ автоматжуулахаар болжээ.


Үүнээс гадна "COVID-19"-ийн цар тахлаас үүдэлтэй татан авалт саатсан, мөн бүтээгдэхүүнийхээ үнийг цаг тухайд нь нэмэх боломжгүй болсон нь нийт ашгийн маржин бууралттай ажиллахад нөлөөлсөн байна. Гэхдээ тус компани энэ оны эхний хагас жилд үйл ажиллагаагаа сайжруулах, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, үйлдвэрийн их засварын ажлыг хийж гүйцэтгээд байгааг тайланд дурджээ. 


Тус компани энэ оны 2 дугаар хагаст үнэт цаасны зах зээлд нэмэлт хувьцаа гарган санхүүжилт татах бөгөөд төвлөрүүлсэн хөрөнгөөр үйлдвэрийн сүү хүлээн авах хэсэг болон боловсруулах үйлдвэрийг автоматжуулан олон улсын ISO 22000 стандартыг нэвтрүүлэх болжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн зардал буурч, бүтээмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ тогтвортой нэмэгдэхээс гадна Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний экспортод гаргах суурь нөхцөл бүрдэх аж. 

Шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, шинэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нэвтрүүлснээр, цэвэр ашгийн түвшинг энэ онд нийт 6.1 тэрбум төгрөгт хүргэх буюу өмнөх оноос 9 хувийн өсөлттэй ажиллахаар зорьж байна. Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

関連ニュース