Архангай аймгийн 288 ээжид “Эхийн алдар” одон гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-13 19:37:38

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Архангай аймагт ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар зарлигаар аймгийн хэмжээнд Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг 21, хоёрдугаар зэргийн одонг 267, нийт 288 ээж шагнуулсныг гардууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга одон авсан ээжүүдэд хандаж хэлсэн үгэндээ Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, бидний хамгийн үнэт баялаг болсон хүүхдүүдийг эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг төрүүлэн өсгөж, эрүүл бие, саруул ухаантай иргэдийг хүмүүжүүлж байгаагаараа эхчүүд Та нар эх орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэд хосгүй их хувь нэмэр оруулж, үнэмлэхүй хөрөнгө оруулалтыг хийж байдаг.

Ийм ч учраас Монголын төр ээжүүддээ жил бүр талархал илэрхийлж, төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг.

Хэдийгээр энэ жил цар тахлын улмаас “Эхийн алдар” одонг цаг хугацаанд нь гардуулж чадаагүй ч засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ цар тахлын хорио цээрийн дэглэмд нийцүүлэн өөрийн биеэр хүртээх нь зүйтэй гэж үзсэн юм” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн ОБГ болон спортын төрөлжсөн сургалттай 5-р сургуулийн сургалтын орчин нөхцөлтэй нь танилцсаны дараа Эрдэнэбулган сумын иргэдтэй уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг сонссон юм.

関連ニュース