“Спортын гавьяат мастер Цэдэндамбын Нацагдорж” ном хэвлэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтан үеийн алдарт бөхчүүдийн нэг, нэртэй дасгалжуулагч Ц.Нацагдорж агсны амьдрал, замналын тухай ном саяхан хэвлэгджээ.
Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний 68 кг-ийн жинд 1975 онд мөнгө, 1974 онд хүрэл медаль
зүүж, 1973 онд Дэлхийн оюутны Универсиад наадамд түрүүлсэн тэрбээр 1972-1976
оны хооронд дэлхийд жил дараалан жингийнхээ шилдэг зургаад шалгарч байсан юм.
Түүнийг 21 настайгаасаа спортоор харьцангуй хожуу хичээллэж эхлээд эдгээр
амжилтад хүрсэн гэхээр бүр гайхалтай.
Монреаль-1976 олимпод
түрүүлэх зорилготой очсон ч аз дутан зургадугаар байрт орж, тэр даруйдаа зодог
тайлах шийдвэрийг гаргаж байсан гэдэг. Ийнхүү багш дасгалжуулагчийн албанд
шилжээд 40 гаруй жилийн туршид олон шилдэг аваргуудыг төрүүлсэн юм.
Алдарт бөхийн өөрийнх нь
гар бичмэлүүд, 1965-2017 онд хөтөлсөн өдрийн тэмдэглэл, медаль цом, фото зураг,
анд нөхөд, багш дасгалжуулагч, шавь нарынх нь сэтгэгдэл, сонин хэвлэлийн
материал зэргээс бүрдсэн “Спортын гавьяат мастер Цэдэндамбын Нацагдорж” номыг
спортын сэтгүүлч Б.Цагаанбаатар эмхэтгэж, Ц.Нацагдоржийн хань, байт харвааны
ахмад мастер Я.Насанбат зөвлөн оролцжээ.