Хятадын парламент гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлтийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-08-20 15:08:23

БЭЭЖИН. /Xinhua/. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо өнөөдөр Хүн ам, төрөлтийн төлөвлөлтийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг баталж, Хятадын гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй болохыг хуулиар зөвшөөрчээ.  


Хуулийн шинэчилсэн найруулгад төрөөс хүн амын дунд залуу насандаа гэрлэх, төрөхийг сурталчилна гэж заажээ. Үүнээс гадна, эрх баригчид хүүхэдтэй залуу гэр бүлүүдэд санхүү, татвар, даатгал, боловсрол, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, залуу үеийн төрөлт, хүмүүжилд, боловсролын үйлчилгээнд эцэг эхчүүдийн зардлыг бууруулах үүрэг хүлээсэн байна.


Түүнчлэн бага насны хүүхэд өсгөж буй ажилчдадаа нэмэлт чөлөө олгож буй орон нутгийн удирдлага, ажил олгогч нарыг төрөөс урамшуулахаар болжээ.


Энэ оны тавдугаар сард Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчоо гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм. Долдугаар сард БНХАУ-ын Төрийн Зөвлөл холбогдох торгуулийг хүчингүй болгожээ.


関連ニュース