“Зүтгүүрийн депо - 2022” тэмцээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг 8 дахь удаагаа түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-24 08:19:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсын аварга Ц.Сандууз агсны нэрэмжит “Зүтгүүрийн депо - 2022” өндөр зэрэгтэй даамчдын уламжлалт тэмцээн 10 дугаар сарын 21-23-нд УБТЗ-ын Татах хэсгийн спорт танхимд болж аваргаа шалгаруулав.

 

Энэхүү 41 дэх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд нийт 98 тамирчин ухаанаа уралдуулан, швейцарь системээр 9 өрөг тоглоход ОУИМ Д.Эрдэнэбилэг /Ирээдүй клуб/ боломжит 18 онооноос 17-г авсан амжилтаар аварга боллоо.

 

Харин дэд байрт ОУИМ Р.Манлай /Алтан хүү клуб/, СМ М.Лувсандорж /Идэр ИС/ нар 14 оноогоор удаалав. Д.Эрдэнэбилэг гавьяатын хувьд энэхүү нэр хүндтэй тэмцээнд 8 дахь удаагаа түрүүлж байгаа аж. Тэр дундаа сүүлийн гурван жил дараалан Депогийн тэмцээний аваргаар тодорлоо.

 

Шагналт IV-V байрыг СМ Ц.Цолмон /Алтан хүү клуб/, ДДХМ А.Дашчирэв /Хийморь хөлөг клуб/ нар 13 оноогоор эзэлжээ.

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Б.Мишээл /Ирээдүй клуб/, СМ Б.Анужин /Алтан хүү клуб/, ДДХДМ Н.Лхагвадолгор /Хийморь хөлөг клуб/ нар 1, 2, 3 дугаар байрт шалгарлаа.

 

Ахмадын ангилалд СМ П.Лхагвасүрэн /Хэнтий аймаг/, СМ Б.Ганзориг /“Алдар” спорт хороо/, СМ П.Бат-Очир /БГД/ эхний 3 байрт орлоо. Мөн өсвөрийн U-17 ангилалд ДДХДМ П.Эрхэмбилэг /Дебют клуб/, ОУМ Б.Есүй /Монгени/, U-14 ангилалд ДМ Т.Энхсүлд /Алтан хүү клуб/, СМ Ц.Цацрал /Алтан хүү клуб/, U-11 ангилалд ДМ Ц.Мөнхмандах /Хөлөгт тоглоом клуб/, СМ Г.Гоомарал /Хөлөгт тоглоом клуб/, Депогийн тамирчдын ангилалд ДМ С.Батболд, ДМ Т.Бэрх-Очир, ДМ О.Отгонбаяр нар тус тус шалгарсан байна.

 

Түүнчлэн энэ жилээс түргэн тоглолт буюу блиц тэмцээн нэмэгдсэн бөгөөд 8 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэй ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг /Ирээдүй клуб/, СМ Б.Пүрэвбаатар /Повгор хүү ХХК/, ОУИМ Р.Манлай /Алтан хүү клуб/, ДДХМ Ц.Хашчулуун /Дебют клуб/, ДДХМ А.Дашчирэв /Хийморь хөлөг клуб/ эхний 5 байрыг эзэллээ.

 

Харин эмэгтэй ангилалд ДДХДМ Н.Лхагвадолгор /Хийморь хөлөг клуб/, ОУИМ Б.Мишээл /Ирээдүй клуб/, ахмадын ангилалд ДДХМ Д.Ганболд /Энэрэл ДС/, өсвөрийн ангилалд ДМ Н.Түвшинбаяр /Ирээдүй клуб/, СМ Д.Наранмишээл /БГД/ нар шагналт байр эзэлжээ.





関連ニュース