АРХАНГАЙ: 19 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ хавар “Архангай 100” ногоон төглийг Эрдэнэбулган сумын төвлөрсөн хогийн цэгт 8 га-д, Ихтамир суманд 6 га, Батцэнгэл суманд 5 га талбайд нийтдээ 19 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулж, 28500 ширхэг мод тарьжээ.
Тариат сумын угтах хаалганы зам дагуу 12 га талбайд ойн зурвас байгуулахаар тендер шалгаруулалтын ажил дуусч, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах шатандаа явж байна. Шалгарсан компани ирэх намрын мод тарилтын үеэр модоо тарих аж.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр ойн цоорхой, мод бэлтгэсэн, түймэрт нэрвэгдсэн талбайд ойн нөхөн сэргээлт, байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг 125 га талбайд хийхээр сонгон шалгаруулалтыг зарласан байна. Харин Тариат суманд 7 га талбайд ойжуулалтын ажлыг “Тэгш дүүрэн” ХХК гүйцэтгэсэн ба 90 хувийн ургалттай байна.
Аймгийн хэмжээнд мод үржүүлэг, ногоон байгууламжийн зориулалтаар шинээр Эрдэнэбулган, Батцэнгэл, Тариат, Цэцэрлэг, Өлзийт, Хотонт, Хайрхан, Булган зэрэг 8 сум нийт 39.53 га талбайг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, иргэн болон аж аж ахуй нэгжид ашиглуулахаар шийдвэрлээд байна.
Аймгийн хэмжээнд тарьсан мод, бут, сөөгийн
36.2 хувь жимс, жимсгэнийн суулгац байна.