ДОРНОД: Алс холоос дүү нь ахыгаа санан мөрөөдөж "Хэрлэнгийн баръяа" дууг зохиожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. "Хэрлэнгийн баръяа" уртын дууг Чингис хааны үед дуулж байсан бөгөөд алс холоос дүү нь ахыгаа санан мөрөөдөж зохиосон гэж судлаачид үздэг. Эртнээс дуулж ирсэн энэ дууг уртын дууч С.Дамчаа шавь, ардын жүжигчин Ч.Шархүүхэндээ зааж сургаснаар түмний дунд түгэн дэлгэрчээ.
Дорнод аймгийн Халх гол сумын уугуул, Монгол Улсын алдарт уртын дууч Сэсэржаагийн Дамчаа агсны нэрэмжит “Хэрлэнгийн баръяа” уртын дууны улсын уралдаан ирэх сарын 1,2-ны өдрүүдэд Дорнод аймагт болно.
Сэцэн хан аймгийн Халхын гол, Хар дэл, Хурх Биндэр аялгууны урын санг сэргээн тодруулах, өвлүүлэн дэлгэрүүлэх, энэ цагийн уртын дуучдын ур чадварыг ахиулах, ахмад үеийн уртын дуучдын уламжлалт дуулах арга барил, хэв намба, дэг сургалтыг судлан сурталчлах замаар дуучдын залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор дээрх уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг.
Сонирхуулахад, "Хэрлэнгийн баръяа" нь айзам уртын дуунаас гадна дан давхар шуранхайтай учраас уртын дуучдын чансааг шалгадаг.