АБТА Д.Цэвэлсодном: Хүний хөгжлийн хамгийн торгон үеийг хариуцдаг, сурах эрмэлзлийн чиг заагч нь Бага ангийн багш

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-05 19:04:57

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул Ч.Дашзэгвийнх долоон хүүхдээ бүгдийг нь дээд боловсрол эзэмшүүлсний дотор багш мэргэжил эзэмшсэн нь тав. АБТА, Тэргүүлэх зэрэгтэй бага ангийн багш Д.Цэвэлсодном Ч.Дашзэгвийн ууган охин. Анхлан багш мэргэжилтэй болж, дүү нартаа мэргэжлийнхээ сайхан бүхнийг “ухуулсаар” дөрвөн дүүгээ багш болгочихсон түүнийг ярилцлагынхаа зочноор урилаа.

Тэрбээр Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд Бага ангийн багшаар 24 жил ажиллаж байгаа, шавь нар нь жигд сайн суралцдагаараа онцлогтой, залуу багш нарын үлгэр дуурайл болж буй дунд үеийн багш нарын төлөөлөл. Багш мэргэжлийн онцлог, заах арга, сурах барил гээд суурь боловсролын сэдвийн хүрээнд түүнтэй ярилцсанаа хүргэе. 


Аав минь анги дээр хийсэн хичээл, гэрийн даалгавраар мэдлэг хязгаарлагдах ёсгүй,

цаг л гарвал унш, турш гэдэг сэн


-Багш мэргэжлийг сонгож байсан үеэс тань ярилцлагаа эхэлье?

-Сургуулийн төгсөх ангийн сурагч болсон үеэс л ойр тойрныхон ямар мэргэжилтэй болох гэж байгааг асуухад тодорхой хэлж төвддөггүй байлаа. Хичээл зааж буй багш нараа харж, бахархаж суухдаа ийм л хүн болох сон гэж боддог байсан ч багш болно гэж бардам хэлж зүрхлэхгүй л байсан. Харин аравдугаар ангид байхад Монгол хэл, уран зохиолын багш Монгол Улсын Гавьяат багш Г.Түнтгэр манай ангийнхнаар “Миний мэргэжил” сэдвээр зохион бичлэг хийлгэж байсан юм. Тэр зохион бичлэгт “Би аав ээжийнхээ гараас хөтөлсөн алдрайхан бяцхан үрсэд эрдмийн жолоо атгуулах бага ангийн багш болно” гээд л биччихсэн. Тэр цагаас л шулуудсан даа /инээв/.


Бас нэг сонин зүйл бий. Аав маань жолооч  хүн байлаа. Аав нэг удаа Дархан - Сэлэнгэ - Архангай маршрутаар даргатайгаа хамт явж байгаад Архангай аймгаас “БАГШ” тэмдэг хоёрыг, мөн хүүхэд болгондоо хичээлийн цүнх авчирсан юм. Тухайн  үед дарга нь Чи энэ багш тэмдгээр яах нь вэ? гэхэд хоёр том охиноо багш болгоно оо гээд инээсэн гэдэг. Үнэхээр ч хоёр том охиноо багш болгож, басхүү тэр тэмдгийг худалдаж авсан газар болох Архангай аймагт нь очиж суралцан, бага ангийн  багш болсон нь сонин тохиол шүү. Аавын минь ерөөл билэг, бага насны минь нандин хүсэл намайг багш болгосон гэж итгэж явдаг.

 

-Танайхны тав нь багш гэсэн байх аа?

-Тийм ээ. Бид эцэг эхээсээ долуулаа. Тав нь багш мэргэжлийг эзэмшсэн байдаг. Том эгч нарыгаа хараад л багш болох гоё санагдсан юм шиг байгаа юм. Дөрвөн дүү минь багш мэргэжлийг сонгосон.

 

-Гэр бүлийнхээ багш нарыг танилцуулахгүй юу?

-Миний бие Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд Бага ангийн багшаар 24 дэх жилдээ ажиллаж байна. Магистр, АБТА, тэргүүлэх зэрэгтэй. Дүү Д.Цэндсүрэн Баянхонгор аймгийн Эрдэнэмандал ахлах сургуульд Бага ангийн багшаар 22 жил ажиллаж байгаа, тэргүүлэх зэрэгтэй. Дүү Д.Сэржмядаг Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд Англи хэлний багшаар 15 дахь жилдээ ажиллаж байна. Магистр, заах аргач. Дүү Д.Хишигжаргал Нийслэлийн 79 дүгээр сургуульд Англи хэлний багшаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Магистр, заах аргач, Отгон дүү Д.Хишигдорж Нийслэлийн Зургаадугаар сургуульд Математик, мэдээлэлзүйн багшаар 7 дахь жилдээ ажиллаж байгаа, магистр, заах аргач. Багш нарын тухайд ийм. Харин дүү Д.Лувсандагва машин механизмын инженер, дүү Д.Мядагсүрэн компьютер, техник хангамжийн мэргэжилтэй.

 


-Бүх хүүхдээ дээд боловсрол эзэмшүүлж чадсан нь эцэг, эхийн тань томоохон хөрөнгө оруулалт байна шүү.

-Бидний бага насанд хүнээс илүү амьдрал ер байсангүй ээ. Хоосон хонуулахгүй, хоёр идүүлэхгүй л хэдэн хүүхдээ өсгөсөн. Харин хичээлийн тал дээр жинхэнэ “дектатур”-тай байсан шүү. Томчуудын хичээлд аав, ээж санаа тавина, тэгээд багууддаа дээдэх ах эгч нь санаа тавина. Аав минь анги дээр хийсэн хичээл, гэрийн даалгавраар мэдлэг хязгаарлагдах ёсгүй, цаг л гарвал унш, турш гэдэг сэн. Одоо бидний дунд байхгүй ч аав минь үргэлж л дэргэд минь зааж чиглүүлж байх шиг, тэнгэрээс биднийгээ харж бахдаж байгаа даа гэж бодож явдаг.

 

-Таны ярианд аав гэдэг үг их дурдагдах юм.  Аавынхаа тухай ярьж өгөөч.

-Аав минь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд хоёр жил болж байна. Ажил, амьдрал бүх зүйлийн зөвлөн чиглүүлэгч, “багш” минь байлаа даа.

Миний аав Ханжив овогт Чойжоогийн Дашзэвэг 1946 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумд Чойжоогийн 3 дахь хүү болон төрсөн. Тэртээ цэл залуудаа ээжтэй минь ханилан сууж долоон хүүхэдтэй болж, өнөр өтгөн сайхан гэр бүлийг цогцлоосон байдаг. 1967 онд Архангай аймгийн Хөдөө аж ахуйн техниккумын Гедро техникч мэргэжил эзэмшсэн, УААУГ жолооч, усны тодорхойлогчоор, улсад 32 жил ажилласан. Аймгийн Усны аж ахуйд тасралтгүй 26 жил үр бүтээлтэй ажиллаж хүн ардынхаа ундны усыг нээн илрүүлэх геофизикийн хайгуул хийж 1000 гаруй уст цэгийг нээж усгүй талд уст цэг гарган хүн, мал, бэлчээрийг усжуулах үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан хүн. Зөвлөлтийн мэргэжилтэн Циганков, Игорь, Бямбасүрэн инженер зэрэг хүмүүстэй гар нийлэн ажиллахдаа орос хэлийг бие даан сурсан бөгөөд орчуулагчгүйгээр шууд харьцдаг байсан нь тэднээс суралцах, хамтарч ажиллахад нь давуу тал болдог байсан гэдэг. Оюунлаг хүмүүн байлаа.

Энэ орчлонд хүмүүн заяаг хайрласан аав, ээжийнхээ хүслийг биелүүлж, надад итгэж энхрий үрийнхээ хувь заяаг атгуулсан олон сайхан хүмүүсийн итгэл найдварыг алдахгүйн тулд хичээн ажиллаж байна даа.

 

-Бага ангийн багш бол сурах үйлсийн хамгийн чухал хэсгийн нэг. Мэргэжлийнхээ онцлогийн тухайд?

-6-10 нас бол хүний хөгжлийн суурь үе. Энэ чухал үед тэднийг бичиг үсэгт тайлж, сурах арга барил эзэмшүүлэх, хувь хүнийг төлөвшүүлэх, тэдэнд сурах хүсэл эрмэлзлэлийг бий болгох чухал үүрэгтэй ажил. Хүний хөгжлийн хамгийн торгон үеийг хариуцан ажилладаг хүн бол бага ангийн багш юм. Тиймээс бид алдах эрхгүй, хүний амьдралын зургийг өөрчилж, насан туршид нь “хорлож” болохгүй том үүрэгтэй.

 

Зарим сурагч хүртэж, нүдээрээ  тогтоож  сурдаг бол зарим нь сонсож, хөдөлгөөн хийж,

олон дахин  давтаж сурдаг

 

-Анх багшилж эхэлсэн үеэ дурсвал?

-Шинэхэн багш төгсөж ирээд, нэгдүгээр анги даан авч  үсэг зааж, уншуулж, бичүүлж  сургах хамгийн хүнд байсан. Оюутны ширээнээс ажлын байранд ирээд ажиллах үнэхээр өөр, дээрээс нь хүүхэд бүр харилцан адилгүй түвшинд хүлээн авч  байлаа. Оюутны ширээнд сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг хүнээс хичээл зүтгэлээс гадна торгон мэдрэмж шаарддаг юм билээ. Тухайн үеийн сургалтын менежер Ж.Дүгэрмаа, секцийн ахлагч н.Дорждулам гээд сургуулийнхаа хамгийн  шилдэг  багш  нартай  хамтарч ажилласан  явдал нь надад ахмад багш нараасаа суралцах  маш  том боломж байлаа. Тэр үед багш бүрээс суралцахыг чухалчилж, багш нартайгаа ярилцах цаг завыг байнга гаргаж, ялангуяа хичээл тарсны дараа бусадтай заавал санаа бодлоо хуваалцдаг байсан.


Бас шалгалт авах, нээлттэй хичээлд суух гэх мэт ажлаас хэзээ ч төвөгшөөдөггүй, учир нь эндээс багш бүрийн арга барилыг олж хардаг бөгөөд өөрийн болгож нутагшуулахыг хичээдэг дээ. Ингэж хичээсний үр дүнд хүүхдийг сургах өөрийн гэсэн арга зүйтэй болсон.

 

-Энэ их үүрэг хариуцлагаас халшрах үе гарна биз.

-Үгүй дээ. Бэрхшээл тулвал бүр л хичээж, ард нь гардаг.

 

-Таны заах аргын онцлог гэвэл?

-Багш бүхэн нарт өөрийн гэсэн арга барил, давуу талууд байдаг. Миний хувьд хүүхдийн сэтгэл санааг сайн ойлгодог байхад их анхаардаг. Хэрэгтэй үед нь хэрэгтэй үгийг хэлдэг мэдрэмж байдаг юм болов уу гэж бодоод байгаа. Шавь нар маань надтай ямагт холбоотой байж, ажил амьдралынхаа болж бүтэж байгаа болон болохгүй байгаа зүйлийг ярилцаж зөвлөгөө авахыг хүсдэг. Хүүхэд байхад нь заримдаа ярьж өгдөг байсан дэлхийн сонин хачин, хүний амьдралын мөн чанар зэрэг хичээлээс “хальсан” сэдвүүдээр ярилцчихдаг байсан минь хүүхдүүдэд ойр дотно, сургамжтай, сонин содон байсан шиг байгаа юм. Хамгийн сайн анд нөхөр нь, үнэнч хамтрагч нь байх гэж хичээдэг.

Саяхан, Оросод сурдаг нэг шавь маань амралтаараа ирээд “Багш аа, шавь нь таны мөрөөддөг байсан Санкт-петербург хотын Эрматажийн музейг үзлээ шүү дээ” гээд л ороод ирэхэд нь үнэхээр их баярлахын зэрэгцээ багш хүний бусдад  нөлөөлөх чадвар ямар их байдгийг мэдэрч суулаа. Даасан ангиуд маань стандарт хангалт, хүмүүжил төлөвшил, урлаг спортоор ямагт манлайлж байдаг нь багш, шавийн нягт ажиллагаа, итгэл зүтгэлийн үр дүн шүү дээ.

 

-Зааж сургахад үнэхээр хүндрэлтэй хүүхдүүд учирна биз?

-Хүний амьдрал баян болохоор өөр өөр түвшний амьдралтай, оюун ухааны чадамжаасаа шалтгаалаад хүлээн авах чадвар өөр, хэл яриа, бусадтай харилцах чадвар, өөрийгөө ойлгуулах чадвар ч өөр хүмүүстэй ажиллах нь багшаас асар их тэвчээр хатуужил шаарддаг. Нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллана гэдэг бол ур чадвар, мэдрэмж, тэвчээр, цаг хугацаа, сэтгэл  шаарддаг.

Миний анхны ангид сургуульд орохынхоо өмнөх жил буюу 8 настайдаа хэлд орж, 9 настай нэгдүгээр ангид орсон хүүхэд байлаа. Үсэг тогтоолгож, уншуулах нь битгий хэл хэлж байгаа үгийг нь ойлгохгүй үе байсан. Яах учраа олохгүй бусадтай нь хамт зааж, адилхан уншуулах гэж хүчээр үзээд ер амжилтад хүрээгүй.

Хамгийн сонирхолтой нь, тэр шавь маань надад учиргүй сайн, хамгийн сүүлд уншихаар үлдээд ангийн цаас түүж, цэцэг усална. Би хараад өрөвдөөд, уншуулах гэхээр үсгээ ч мэдэхгүй. Мэдэх зүйлийн хүрээ томрох тусам түүнд маш хэцүү байгааг ойлгоод, түүнтэй найз нөхөр шиг нь ойр байж, ганцаарчлан  ажиллаж эхэлсэн. Түүнтэй ажиллах хүснэгтэн төлөвлөгөө гаргаж, А үсгээ эхнээс нь заасан, тэгэхдээ авиа таниулах уламжлалт аргаас өөрөөр үсгээ нүдлүүлж, бүтэн үгийн аргыг ашигласан.

Өөрөөр хэлбэл, А үсгээ хэлж өгөөд баримлын шавар, утсаар хийлгэж зуруулж будуулаад л дараа нь шууд аав, ах, ааруул гээд А үсэг орсон үгүүдийг хэлүүлж, дармал бичмэлээр бичүүлж цээжлүүлж эхэлсэн. Хамгийн сонин нь тэр цээжлүүлсэн үгийг маш сайн таньдаг болсон, яг л аав ээжийгээ таньдаг шиг. Ингэсээр нэлээд олон үгийн нөөцтэй болж, цээжилж тогтоосон үгүүдээ цээжээр бичдэг болсон. Хүүхэд өөртөө итгэлтэй болж, сурах хүсэл эрмэлзэлтэй болсон доо. Одоо бодох нь, би түүнийг аашилж загнаад, бусад хүүхдийн адил авиан аргаар уншуулах гэж зүтгэсэн бол аль ч үгүй болох байсан. Зарим сурагчид хүртэж, нүдээрээ тогтоож сурдаг бол зарим нь сонсож, хөдөлгөөн хийж, олон дахин давтаж сурдаг гэдгийг, мөн сурган, сэтгэл судлалын хичээл бидэнд юуг ойлгуулах гээд байсныг ойлгосон юм даа. Ер нь надад тохиолдсон  бэрхшээл бүр хожим миний ажлын туршлага болж үлдсэн байна.

 

-Хүүхдийн онцлогт тааруулж харьцах, зааж сургана гэдэг чухал шүү.

-Сүүлийн үед аав ээж, өвөө  эмээдээ  хэт эрхэлсэн, эсвэл хэт дарамтад байдаг, эцэг эхийнхээ  аль нэгтэй байдаг, маш их зүйлийг бодож гутарсан зэрэг сэтгэлзүйн асуудалтай хүүхдүүд олширсон. Эдгээр хүүхдүүдийг стандартаар олгогдсон мэдлэг чадварыг эзэмшүүлэхээс гадна хүмүүжил төлөвшил, сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах явдал маш чухал болоод  байна. Мэдээж  багш заах арга ур чадвараа  байнга  дээшлүүлж орчин үетэйгээ хөл нийлж алхах нь чухал ч хүлээн авах шавь нар нь харилцан адилгүй байгаа нь асуудал болж байгаа юм. Багшийн тасралтгүй хөгжил, асран халамжлагч,  багшийн хамтын  ажиллагаа маш чухал.

 

Шүлэг цээжилж тогтоох нь хүрд амархан цээжлэх,

аливаа зүйлийн зүй тогтлыг  олох чадварт сургаж байгаа нь ажиглагдсан


-Хүүхдийг хэрхэн бие дааж сурах идэвх сонирхолтой болгох вэ?

-Хүүхдийн сурах арга барил эзэмших үйл явц нь маш нарийн, урт удаан хугацааны үйл явцад бүрэлдэн бий болдог чадвар юм. Энэхүү чадвар бий болоход багшийн арга барил, ур чадвар хамгийн их нөлөөтэй. Би хүүхдүүдэд аль болох бага даалгавар өгдөг. Нэг шинэ зүйлийг бүгд ойлгосны дараа, дараагийн шинэ хичээлээ ордог. Энэ хооронд шавь нар маань тухайн сэдвийг бие даан судалж, эргээд хамт олонтойгоо ярилцаж нээлттэй хөгжих боломжтой болж байна гэж боддог. Аливаа зүйлийг загварчлан үзүүлэх, нэг хуудас зүйлийг багцлах, гол санааг нь дүгнэн бичих зэрэг мэдлэгийг системчлэх аргаар хичээлээ заадаг. Зааж буй сэдэвтэй холбоотойгоор хичээлийн онцлогтой уялдуулан амьдралтай холбон зааснаар сурагчид илүү шимтэж, сурах сонирхолд хөтлөгдөж байна уу гэж анзаарсан.

 

- Хичээлийн сэдвээс гадуур хүүхдийг хөгжүүлэх тал дээр хэрхэн ажилладаг бол?

- Би яруу найраг их сонирхдог, өөрийнхөө хэмжээнд даам тоглочихдог. Тэрэндээ ч юм уу, даасан ангийн сурагчдадаа  шүлэг цээжлүүлж, уран яруу унших, бас ангиараа даамаар хичээллүүлдэг.


Шүлэг цээжилснээр хүүхдийн ой тогтоолт сайжирна, шүлгийн утга санаатай танилцаж хүүхэд бүр эх хэлнийхээ тансаг үгсийг ойлгож ухаардаг болно, шүлгийг уншиж  тогтоосноор харааны ой, бичих  чадвар сайжирна, хүүхдийн үгийн баялаг, ярих чадвар сайжирна. Уран яруу хөдөлгөөнтэй бусдад уншсанаар илтгэх чадвар хөгжинө, хүмүүсийн  өмнө  гарахаас  зүрхшээдэггүй  болж айдсаа даван туулж чаддаг болдог юм. Энэ бүхнийг би 20 гаруй жилийн ажиглалтаараа нотолсон.


Тиймээс шүлгийг хэрхэн цээжлүүлэх, хэрхэн сонгох гээд арга зүй боловсруулах шаардлага урган гарч ирсэн. Ингээд шүлгийг дараах дарааллаар цээжлүүлсэн. Багш өөрөө цээжээр уран яруу уншдаг  байх, Сурагчдыг шүлэгтэй танилцуулж уншуулна, Шүлэгт  байгаа  мэдэхгүй үгийн тайлбар толь хөтлүүлнэ, Шүлгийн утга санаа үйл явдал, хэлэх  гэсэн гол санааг  ярилцана, Шүлгийн утга агуулгыг зуруулна, Шүлгийг дагуулан  уншуулна, Утга  санааг  нь  бодолцон хоёр  хоёр  мөрөөр  нь цээжлүүлнэ, Цээжлүүлэхдээ утга санаанд нь тохирсон хөдөлгөөн хийлгэнэ. Хамгийн гол нь сонгосон шүлэг маань нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон байх хэрэгтэй. Сурагчид  ангиараа хөдөлгөөнтэй, бие биенээ сонсож дуурайн  унших  үедээ  юмыг  маш  амархан цээжилж  байсан.  Мөн  багшийн үлгэрлэн унших, үгийн өргөлт хэмнэлийг тохируулах нь туйлын  чухал юм  билээ.

 

-Ажлын тань салшгүй хэсэг байх нь ээ.

-Тэгж хэлж болно. Одоо  даан  авч  ажиллаж байгаа ангийн  сурагчид л гэхэд урт  богино нь харилцан адилгүй 25 шүлгийг бүрэн  цээжилж тогтоосон. Цаашид шүлэг цээжлэх нь сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж байгааг судлах, ажиглах  төлөвлөгөөтэй байгаа. Шүлэг цээжилж тогтоох нь хүрд амархан цээжлэх, аливаа зүйлийн зүй тогтлыг олох чадварт сайнаар нөлөөлж байгаа нь ажиглагдсан.

 

-Ангийн амжилтаасаа дурдахгүй юу?

-Миний даасан ангийн сурагчид амьдралын боломжоосоо үл хамааран өөрийн авьяас чадвараа хөгжүүлэн уламжлалт  болон  нэрэмжит  олимпиадуудад тогтмол  байр эзэлж сурлагын  ахиц  гаргахын  зэрэгцээ  хүмүүжил төлөвшилтэй, нийгэмд биеэ  авч явах, бусадтай харьцах чадварт суралцсан байдаг. Миний хувьд 2000 оноос тасралтгүй 24 дэх жилдээ төрөлх сургуульдаа багшилж байна.

Энэ хугацаанд 2000-2004  онд төгсгөсөн анги маань Улаан загалмай олон улсын байгууллагатай хамтарч ажилладаг, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог анги байсан. 2004-2009 онд төгсгөсөн анхны долоон настай анги маань аймгийн  Унших, Сайхан  бичгийн олимпиадад ангиараа нэгдүгээр байр эзэлж байсан, сургуулийн "Сайхан бичигч" хамт олон, “Ном–Эрдэм” аяны Ган-Эрдэнэ өргөмжлөлт номын садан хамт олон болж байлаа.

Мөн математикийн олимпиадын аймгийн болон нэрэмжит олимпиадын аварга, урлаг, спортын шилдэг сурагчидтай  тэргүүний анги байсан. 2009-2014 онд төгсгөсөн анги аймгийн Сайхан бичгийн аварга анги, Уншихын олимпиадын хүрэл  медальт, аймгийн Цээж бичгийн олимпиадын гуравдугаар байр, мөн бүс, аймгийн  чанартай  төрөл  бүрийн олимпиадад оролцож алт, мөнгө хүрэл медаль,тусгай байрын шагналтай олон  сурагчид төрөн гарсан. 2014-2019 онд төгсгөсөн анги маань аймгийн  Сайхан бичгийн аварга анги, бүс, аймгийн  чанартай  төрөл  бүрийн олимпиадад оролцож алт, мөнгө хүрэл медаль,тусгай байрын шагналтай олон  сурагчид төрөн гарсан. Мөн анх удаа манай сургууль зургаадугаар  ангиас нь гүнзгийрүүлсэн  сургалт  зохион байгуулахаар болсон бөгөөд даасан ангийн сурагчдын 17 нь математикийн гүнзгийрүүлсэн ангид, 19 нь гадаад  хэлний гүнзгийрүүлсэн  сургалттай ангид шалгалт өгч тэнцээд  суралцаж  байна. 2019 оноос 1в ангийг 52 сурагчтай даан авч ажиллаж  байна.

 

-Сайхан бичигтэн хамт олон болдог уламжлал тогтжээ дээ.

-Хүүхдүүдийн бичиг үсгийн чадварт гойд анхаардаг. Алдаагүй, цэвэр сайхан бичиж сурна гэдэг бол амжилтын үндэс. Энэ бүхэн нь хуваарьт хичээлээс гадна өнөөх л шүлэг цээжлүүлэх, бичүүлэх дадалтай бас холбогдоно. Ангиас гоц гойд гоё бичигтэн байх нь чухал биш, нийтээрээ өв тэгш сурч хүмүүжих нь чухал гэж үргэлж бодож ажилладаг.

 

-Анх багшилж байх үе, өнөө цагийн заах арга болоод сурагчдын хүлээн авах түвшинд өөрчлөлт гарч байгаа нь ажиглагддаг уу.

-Өмнө нь багш хэн нэгэн эрдэмтний  хэлснийг  дамжуулж,  түүнийгээ  шавь нараараа  давтан  хэлүүлж, эсвэл нэг төрлийн  бодлого тайлбарлаж, бодох аргыг нь зааж төсөөтэй олон бодлого бодуулж, тэр бодлогыг хараад ийм аргаар бодно гэж шууд боддог сурагч бэлтгэх арга хоцрогдсон. Түүний оронд бодлогыг олон аргаар  бодож, ижил төстэй  бодлого зохиохоос гадна энэ бодлого түүний амьдрал ямар ач  холбогдолтойг ойлгож, бодсон  бодлогоо ашиглаж амьдралд тохиолдсон хэцүү зүйлийг даван туулах чадварыг олгох нь шинэ зууны багш нарын заах чиг болж байна. Яаж уламжлалт байдлаас гарах вэ? Багш хэрхэн өөрчлөгдөх вэ? гэдэг дээр төвлөрөх цаг болсон.


Тиймээс би бага ангийн багш сургалтын үйл ажиллагаандаа, ялангуяа гуравдугаар ангиас нь эхлээд Хүүхдэд асуудлыг шийдэх  хугацаа  өгөх /багш түрүүлж  зөв хариуг хэлж тайлбарлахгүй байх/, Өөрсдийнх нь хариултыг үзэл бодлыг хамгаалуулахад  анхаарах, Хүүхдийн  хариултыг  шууд няцаахгүй, Тийм байж болох талаар ярилцаж  дүгнэлт гаргах, Хүн бүр адилгүй учраас хүүхдэд онцгой зүйл байгаа гэдгийг хэлж, түүнийгээ олоход нь туслахыг чухалчилж байна.


Харин хүмүүжлийн тал дээр уламжлалт аргаар монгол хүн болгох тал дээр анхаарч ажилладаг. Орчин үед хүүхдийн хүмүүжлийн асуудлыг орхигдуулснаар улс орон нөхөж болшгүй хохирол  амсаж  байгаа гэж боддог.

 

-Дэлхийн багш нарын баяр тохиож буй энэ өдрүүдэд мэргэжил нэгт нөхдөдөө мэндчилгээ дэвшүүлбэл?

-Багш дор мөргөмү, ном дор мөргөмү хэмээн Монголын ард түмэн  багшийг оройн дээд номтой зүйрлэн үздэг билээ. Энэ их хүндлэлийн  эзэн болсон бүх Багш нартаа баярын мэнд хүргэе.

-Ярилцсанд баярлалаа.

関連ニュース