БАЯНХОНГОР: Хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Унгар Улсын элчин сайд Др.Обрущанский Борбала Анна Баянхонгор аймагт ажиллаж байна. Элчин сайдыг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан албан өрөөндөө хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Элчин сайд Др.Обрущанский Борбала нь 30 жилийн өмнө буюу 1993 онд Монголд анх ирж, манай улсын өв соёл, ёс заншил, түүх шаштир, ард түмний аж байдлын тухай судалж ирсэн монгол судлаач эрдэмтэн юм. Түүнтэй Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 2022 онд уулзахдаа орон нутгийн онцлог, хөгжих бололцооны талаар тодорхой мэдээлэл өгч байжээ.
Энэ оны турш алдарт яруу найрагч Пэтөфи Шандорын мэндэлсний 200 жилийн ойгоо Унгар улс даяар өргөн дэлгэр тэмдэглэж байгаа бөгөөд Элчин сайдын хувьд тус ойг тохиолдуулан алдарт яруу найрагчийн бүтээл болон үзэсгэлэнт Унгар улсаа таниулах, тус улсад “Stipendium Hungarian” тэтгэлэгт хөтөлбөрт ямар шалгуураар, хэрхэн суралцах боломжтойг Монголын хүүхэд багачуудад танилцуулах үүднээс орон нутагт ажиллаж байгаа аж.
Элчин сайд, хатагтай Др.Обрущанский Борбала Унгар улстай Баянхонгор аймаг ахан дүүсийн найрамдалт харилцааг тогтоон боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн томоохон төслүүд дээр хамтран ажиллах өргөн боломжтойг онцлов.
Өнөөдрийн байдлаар Унгар улсад Монгол Улсаас 1500 гаруй оюутан суралцаж, 5000 гаруй иргэн амьдардаг байна.