ЗАВХАН: Татмын ойжуулалтыг зургаан суманд хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-12 11:59:17

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Идэр сумын нутагт 20 га талбайд татмын ойжуулалтын ажлыг хийжээ.


Тодруулбал, Идэр сумын Хавчгийн арын 100 мод нэртэй газарт орон нутгийн хөгжлийн сан болон АДАПТ төслийн санхүүжилтээр 20 га талбайд татмын ойжуулалтыг хийсэн байна.


Ойжуулалтын ажлын гүйцэтгэгчээр "Хавчгийн ногоон мод" ХХК шалгарч дөрвөн төрлийн 15800 ширхэг мод сөөгийг тариад байна. Энэхүү татмын ойжуулалт хийсэн талбайг цаашид сумын малчдын бүлэг хариуцж арчилгаа тордолгоог нь хийх аж.



Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050, дунд хугацааны бодлогын баримт бичиг “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” зэрэг баримт бичгүүдэд ойгоор бүрхэгдсэн талбайг 2025 онд нийт нутаг дэвсгэрийн 8.6 хувьд, 2030 онд 9.0 хувьд тус тус хүргэх.


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх.

Ойжуулалтын ажлын үр дүн, чанарыг сайжруулж, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж буй юм.


Ташрамд, Завхан аймаг 2023 онд зургаан сумын 95 га талбайд татмын ойжуулалтыг хийж 76000 ширхэг мод тарьж байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

関連ニュース