БАЯН-ӨЛГИЙ: Залуусыг ХБНГУ-ын мэргэжлийн сургалтын байгууллагуудад суралцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-02 14:49:38

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ. Баян-Өлгий аймгийн 18-28 насны залуусыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын мэргэжлийн сургалтын байгууллагуудад үнэ төлбөргүй суралцуулна.


Уг асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аубакир ХБНГУ-ын “FAV Service GmbH” ашгийн бус компанийн гүйцэтгэх захирал, профессор Хайко Шелерийг хүлээн авч уулзан ярилцсан байна.


“FAV Service GmbH” компанийн зүгээс ХБНГУ-д сурах сонирхолтой залуучуудад герман хэлний “В2” түвшний мэдлэгтэй байх шаардлага тавьж байгаа.


Иймээс дээрх уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын "Зайд" сургуулийн захирал З.Жолаушыбай, ХБНГУ-ын “FAV Service GmbH” компанийн гүйцэтгэх захирал, профессор Хайко Шелер нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.


Гэрээний дагуу "Зайд" сургууль нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд герман хэлний В2 түвшний мэдлэг олгоно. Учир нь тус сургууль 2015 оноос герман хэлийг сургалтын хөтөлбөртөө оруулан сурагчдад зааж байгаа аж. Харин компанийн зүгээс шаардлага хангасан хүүхдүүдийг ХБНГУ-ын Тюринген муж дахь мэргэжлийн боловсролын байгууллагуудад үнэ төлбөргүй зуучлахаар тохиролцсон байна.


Зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр хэлний зохих шаардлагыг хангасан залуучууд ирэх оны есдүгээр сараас эхлэн ХБНГУ-ын мэргэжлийн сургалтын байгууллагуудад 60 орчим мэргэжлээс сонгон элсэж, сарын 900 еврогийн тэтгэлэгтэйгээр суралцана. Сургалт 2.2-3.5 жил үргэлжилнэ. Сургуулиа төгссөний дараа тухайн улсад гэрээгээр үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой ажээ. 

関連ニュース