БАЯНХОНГОР: Ажиллах нөхцөл хүнд, авах цалин бага байгаагаа танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хог тээвэр, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хариуцаж ажилладаг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлага, ажилчдыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзав.
Мөн үеэр “Цэвэр хот” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баясгалан болон чиглэл тус бүрийн албан хаагчид үйл ажиллагааны нөхцөл байдал, цалин хангамжийн өнөөгийн байдлын талаар аймгийн удирдлагад танилцууллаа.
Тодруулбал, тус газар нь өнөөдрийн байдлаар 40 гаруй албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн орон тоо нь 60 орчим байхаар батлагдсан ч цалин багатайгаас шалтгаалан 20 гаруй хүн ажлын байраа орхисон байдалтай байгаа аж.
Тус газрын ажилчдын цалинг хамгийн сүүлд 2019 онд нэмэгдүүлсэн бөгөөд одоо орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг үйлчилгээний ажилтнууд нийгмийн даатгал, шимтгэлээ төлөөд 417 мянга, ачигч нар 550 мянга, захиргааны ажилчид 700 мянган төгрөгийн цалин сард гар дээр авдаг байна. Энэхүү цалин амьдралд хүрэлцдэггүй, зээлээ ч бүрэн төлж чадахгүйгээр дуусдаг гэлээ. Нэг хүнд оногдох ажлын ачаалал их хэрнээ нийгмийн баталгаа муутай, цалин хангамж дутмаг байдлаас шалтгаалан ажилчид ажлаа орхиж буйг тус газрын дарга онцлов.
Засаг дарга Д.Мөнхсайхан Цэвэр хотын ажилчдын санал хүсэлтийг сонсоод "Хотын хамгийн хүнд хэцүү нөхцөлд өдөр бүрийн үүрэгт ажлаа амжилттай сайн гүйцэтгэдэг та бүхний цалин хангамжийг нэмэгдүүлэхэд аймаг орон нутаг анхаарч ажиллана. Ирэх 12 дугаар сард болох ИТХ-ын ээлжит хуралдаанд бусад аймгийн түвшинд харьцуулсан судалгааг явуулж, түүн дээрээ үндэслэн шийдэл боловсруулан, хурлын төлөөлөгчдөд танилцуулж шийдвэрлэе" гэдгийг хэллээ.