ХОВД: Нийслэлээс 400 гаруй иргэн Ховд аймагт шинээр шилжин иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн
байгууллагаас хийсэн судалгаагаар 2023 онд Улаанбаатар хотоос хөдөөг
зорин ирэх иргэн, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэн байна.
Өнгөрсөн
онд Улаанбаатар хотоос 326 иргэн, бусад аймаг хотоос 139 иргэн гээд нийт 465 иргэн
Ховд аймагт ажиллаж, амьдрахаар шилжин ирсэн.
Тэгвэл энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотоос 422 иргэн, бусад аймгаас 252 иргэн гээд нийт 674 иргэн Ховд аймагт ажиллаж, амьдрахаар шилжин ирээд байна.
Мөн өнгөрсөн онд 20 аж ахуйн нэгж, компани Ховд аймагт үйл ажиллагаа явуулахаар
шилжин ирсэн бол энэ онд 26 аж ахуйн нэгж, компани шилжин ирж, салбараа нээлээ.
Засгийн
газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг
руу шилжих хөдөлгөөнийг дэмжих, орон нутгийн болон бүс нутгийн хөгжлийг дэмжих
бодлого барин ажиллаж байгаа.
Энэ
хүрээнд "орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэх шийдвэр гаргасан. Мөн орон нутагт төсвөө өөрөө зохицуулах эрх өгсөн байна. Энэхүү шийдвэрийн дагуу Ховд аймаг багийн дарга гэх мэт төрийн
албан хаагчдынхаа цалинг 50 хувиар нэмжээ. Харин төрийн
үйлчилгээний ажилтны цалинг ирэх жилээс нэмэгдүүлж, дунджаар 900 мянгаас 1 сая 200 мянган төгрөг
болгохоор зорьж байгаа" гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Судалгаанаас
үзэхэд Ховд аймагт өнгөрсөн жил 700 орчим
хүн шинээр ажлын байртай болжээ.
Цаашид
"Булган" хилийн боомтыг хөгжүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан
станц барих гээд томоохон бүтээн байгуулалтын ажил хэрэгжүүлснээр 2000 гаруй
хүний ажлын байр нэмэгдэнэ. Үүнийг дагаад орон нутгийн бусад салбар хөгжих
боломжтой гэж тус аймгийн удирдлагууд үзэж байна.