ТӨВ: Хөгжмийн сэтгэл заслын үйл ажиллагааг орон нутагт анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-15 16:57:04

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд энэ сарын 8-13-ны өдрүүдэд хөгжмийн сэтгэл заслын үйл ажиллагааг орон нутагт анх удаа зохион байгууллаа.

 

Энэхүү ажлыг Монгол туургатан театрын хөгжим ангийн уран бүтээлчид "Аялгуу эгшиглэн" нэртэйгээр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт зохион байгуулсан байна.

 

Уг ажлын талаар Монгол туургатан театрын уран бүтээлчээс тодруулахад, Олон улсад хүний биеийг эмчилж, эрүүлжүүлэх тал дээр анхаардаг байсан бол одоо хүний сэтгэл зүйг эмчлэх тал дээр анхаарч ажилладаг болсон.

 

Монголын анагаах ухааны салбарт төдийлөн хэрэгждэггүй хөгжмийн сэтгэл заслын аргыг ийнхүү орон нутгийн театрын уран бүтээлчид санаачлан хэрэгжүүлж байгаа нь анхны тохиолдол юм. Бидний хувьд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдэд хүрч үйлчилсэн бөгөөд иргэдийн хувьд биемахбодийн зовуурь байсан хэдий ч тайвширч, тааламжтай хүлээж авч байсан” гэв.

 

Хөгжмийн сэтгэл засал нь хүний бие организмд эмчилгээний нөлөө үзүүлдэг. Тэр дундаа хөгжмийн сэтгэл заслыг депресс, түгшүүр, шизофрени, аутизм, нойргүйдэл зэрэг эмгэгийн үед хэрэглэдэг.


Хөгжмийн сэтгэл заслыг идэвхтэй болон идэвхгүй хоёр төрөлд хувааж авч үздэг. Идэвхгүй хөгжмийн засал гэдэг нь терафистын сонгосон бичлэг эсвэл амьд хөгжим сонсохыг хэлнэ. 


Идэвхтэй хөгжмийн эмчилгээнд өвчтөнүүд дуулах эсвэл хөгжмийн зэмсгээр тоглох, ая зохиох зэрэг ордог байна.  


関連ニュース