БАЯНХОНГОР: Сүлд модны гэрлийг удаан хугацаанд асаалттай орхихгүй байхыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-13 13:09:10

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Он гарсаар аймгийн хэмжээнд гал түймрийн 40 гаруй дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Гал түймрийн дийлэнх нь цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зөрчлөөс үүдсэнийг мэргэжлийн байгууллага мэдээлэв.


Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Иргэд сүлд модныхоо гэрлийг удаан хугацаанд асаалттай орхин явахгүй байх, байгууллага тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Мөн шинэ жилийн баяраар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж гал гарах, бэртэж гэмтэх тохиолдол гарч болзошгүйг мөн сануулав.



- Аль ч төрлийн гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул аюулгүй байдлыг ханган, урьдчилан сэргийлэх

- Сүлд модны гэрлийг байнга асаахгүй, хүнтэй үед асаалттай байлгах.

- Сүлд мод болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах, бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх.

- Зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх
- Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх. Цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх

- Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

関連ニュース